НЭРТ ДУУЧИН КЕЙТИ ПЕРРИ ГЭРЛЭЛТЭЭ ХАМГААЛЖ ҮЛДЭХЭЭР ТЭМЦСЭЭР Л БАЙНА


Үргэлж сенсацилж байдаг дуучин Кейти Перри саяхан нэгэн баримтат кинонд тогложээ. Энэхүү кино нь “Миний нэг хэсэг” гэсэн нэртэй аж. Киноны нээлтийн үйл ажиллагаанд дуучин бүсгүй маань тансар улаан өнгийн даашинзыг уруулын улаан будагтайгаа хослуулан ягаан өнгийн үсээ буржийлган янзалсан нь цаанаа л Холливудын од гэлтэй.

Тус нээлтийн ажиллагааны үеэр киногоо олонд хүргэхээр дуучин бүсгүй хувцсаа солин сонирхолтой, хүүхэлдэйн ч гэмээр үзүүлбэр үзүүлсэн юм. Кейти киноныхоо промоушн болгож агуу том попкорны цүнх барин, хөхөвч, банзал өмссөн нь яг л попкорны цүнх болон хувирсан шиг харагдана.

Энэ үдэш түүний хамт ирсэн болзоот хүн нь тансаг, гялалзсан таяг тулсан түүний эмээ  Мери Перри Хадсон байсан юм. Дуучны хувьд эмээтэйгээ ирсэн нь тун ч зөв сонголт болсон. Учир нь түүний амьдралаар сэдэвлэн бүтээсэн тус кино нь үзэхэд нэг л “шийрэгнэмээр” байсан аж. Киноны эхний үйл явдал нь Кейти танилцаад хоёрхон сарын дараа Расселтай гэрлэн харин кино дуусахад тэд салдаг ажээ.

Кейти Перри энэхүү гэрлэлтийнхээ талаар тун ч илэн далангүй, нээлттэй хариултыг өгсөөр байдаг. Ингэхдээ түүний хувьд нэрд гаран, од болсон явдал нь түүний гэрлэлтийг дуусгавар болгох гол шалтгаан болсон гэж үздэг. Тэрээр хэлэхдээ:

“Миний хувьд Расселтай танилцсан даруйдаа л тэр миний амьдралын хань гэж бодож байсан” гэжээ. Түүнчлэн Расселийг санах үедээ дуучин бүсгүй нулимс унаган уйлдаг ч өөрсдийн харилцаагаа хадгалан үлдэхийн тулд өөрийн чадах бүхнээ хийж байсан тухайгаа ч ний нуугүй ярьжээ.

“Би бүх зүйлд итгэлтэй байсан. Ажил мэргэжлийн хувьд ч, хувийн амьдралын тухайд ч тэр. Би бүх зүйлээ хослуулахаар тэмцэж байсан ч бүтэлгүйтсэн.  Одоо ч бидний харилцаа сэргээсэй гэж хүсдэг ч нэг л бүтэлтэй болж өгөхгүй байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Кейти Перри сүүлийн үед залуу одод болох Селена Гомез, Жастин Бибер, Карли Рэй Жепсен болон Ребекка Блек нартай “фракц” болоод байгаа бөгөөд тэд цагийг тун зугаатай өнгөрүүлдэг гэсэн.