Эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан зах зээлд банкны сисметийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох зорилгоор гадны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй гэх асуудал хөндөгдөх болсон. Уг асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Б.Мөнхзаяа: ЭРХЗҮЙН ОРЧНОО САЙН БҮРДҮҮЛЖ БАЙЖ ГАДНЫ БАНКИЙГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
/ Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч /
Бусад улсуудыг харахад гадаадын болон дотоодын банкуудын аль аль нь байдаг. Гэхдээ хэзээ оруулж ирэх үү гэдэг цаг хугацааны асуудал нь нэлээн чухал. Яг одоогоор санхүүгийн зах зээл болон улсын эдийн засгийн нөхцөл байдлаа харах юм бол дотоодын банкуудын чадавх, тогтвортой байдал нэн тэргүүний асуудал юм. Бусад хөгжиж байгаа орнуудын жишээ туршлагаас харахад гадны банкууд орж ирснээрээ дотоодын банкуудыг шахдаг. Хамгийн эрсдэл багатай гэж хэлж болох томоохон хөрөнгө оруулалтын зээлийг гадны банкууд авчихдаг. Дотоодын банкинд энэ тохиолдолд эрсдэл ихтэй, жижиг зээлүүд ирдэг. Дээрээс нь нэмж хэлэхэд манай улс системийн асуудал үүсэхгүй л бол эрхзүйн зохицуулалтаа өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, эрхзүйн зохицуулалт нь дандаа хоцорч явдаг гэсэн үг. Ийм тохиолдолд гадны банкуудыг оруулж ирээд бүр болохоо байсныхаа дараа бид дуугарч эхлэх үндэслэлтэй. Хэрвээ ийм нөхцөлд асуудал хүндэрвэл улсын эдийн засгийн талаас илүү хувь нь гадныхны барьцаанд явчих эрсдэлтэй. Эрхзүйн орчноо сайн бүрдүүлснийхээ дараа гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй.
Б.Түвшинтөгс: ЗАХ ЗЭЭЛИЙН МЕХАНИЗМ БАГА ХҮҮТЭЙ ГАДНЫ БАНКНЫ САЛБАРЫГ ЭРЖ БАЙНА
/МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал/
Дэлхийн бизнесменүүдээс хаана хамгийн ашигтай бизнес эрхэлж болохоор байна гэж асуувал “Монгол банкны эзэн баймаар байна” гэж хариулна. Манай арилжааны банкууд жилийн 20.1 хувиас өндөр ашигтай. Дэлхий дээр ийм ашигтай бизнес маш ховор. Одоо энэ дүн өсөж, 30 хувь руу очно. Үүнээс үүдэж зээлдэгчид маш хүнд нөхцөлд орж, арилжааны банкууд эсрэгээрээ илүү ашигтай ажиллахаар байгаа. Гадаад талдаа Дэлхийн нийт эдийн засгийн 4/3 нь өнөөдөр 0 хүүтэй ойр бодлого барьж байна. Энэ их зөрүү алслагдахын хирээр шахалт үүснэ. Зах зээлийн механизм нь өөрөө бага хүүтэй гадны банкны салбарыг эрж байна. Бид хүчээр энэ механизмыг ажлуулахгүйгээр бариад байх юм бол унана. Унахдаа маш хүчтэй унана. Тэгэхээр бид банкны секторынхоо үр ашгийг зайлшгүй сайжруулах хэрэгтэй. Одоо Монголын арилжааны банкуудаас хэдэн хувь боловсон хүчиндээ хангалттай хувийг зарцуулж байна. Хэдэн хувь нь гадагшаа гаръя гэж ярьж байна. Тийм юм ерөөсөө ч байхгүй байгаа нь өөрөө энэ зах зээлд өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байна.
Д.Лхагвасүрэн: Арилжааны банкуудын ашиг сонирхол илүү ихсэж байгаа
/Канадын “Конкордиа” их сургуулийн багш, эдийн засагч/
Нэмж банк оруулахгүйгээр, чанга төгрөгтэй, өндөр хүүтэй байх нь одоо байгаа арилжааны банкууд, зээлдэгчдэд л хамгийн зугаатай орчинг бүрдүүлнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дотоод, гадаад хүүгийн зөрүү ихсэхийн хэрээр манай арилжааны банкуудын ашиг сонирхол илүү ихсэж байгаа. Монголын арилжааны банкуудын холбооноос 2014 оны намар гадны банкууд орж ирвэл ямар нөхцөл байдал үүсэх талаар судалгаа хийлгэсэн байсан. Мэдээж банкуудын холбоо ивээн тэтгэсэн учраас судалгааны үр дүн ямар гарсан нь ойлгомжтой. Уг судалгаагаар гадны банк орж ирвэл Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан. Гэвч Монголын арилжааны банкны системийн 40 гаруй хувь нь гадны эзэмшилд байгаа гэсэн тоо бий. Энэ тоо хэд хүрэхээр аюултай байдал үүсэх вэ гэсэн асуулт гарна. Хариулах хүн ховор.
Ж.Дэлгэрсайхан: ГАДНЫ БАНКУУДЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС ӨӨР ХУВИЛБАР Ч БАЙЖ БОЛНО
/СЭЗДС-ийн зөвлөх, эдийн засагч/
Монгол Улсад гадны банкийг оруулж ирэхэд бусад орнуудтай адилхан нөхцөл байдал биднийг хүлээгээгүй гэдгийг Засгийн газар болон Монгол банк анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр, Монгол Улсын геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн чадамж асуудалтай. Бид цэвэр үйлдвэрлэгч орон болоогүй байна. Хэрэглээний эдийн засагтай байгаа энэ үедээ гадны банкийг оруулж ирлээ гэхэд хязгаарын нөхцөлүүдийг тавьж өгөх хэрэгтэй. Ялангуяа орон зайн хувьд хаанаас оруулж ирэх гэдгээ сайн харах шаардлагатай. Гадны банкуудын өрсөлдөөнөөс өөр хувилбар ч байж болно. Санхүүгийн зах зээл дээрх бүтцээ сайжруулах алхамуудыг хийж болно. Хөрөнгийн зах зээл болон бусад гадны хөрөнгө оруулалтын сувгуудыг дэмжих шаардлага үгүйлэгдэж байна. Засгийн газар өр тавилгүйгээр жижиг дунд үйлдвэрлэгчдээ гадны болон дотоодын зах зээл рүү гаргах асуудлыг дэмжснээр мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой.
Д.Ангар: ОДОО ГАДААДЫН БАНК ОРЖ ИРЭХ ЦАГ НЬ БОЛСОН
/Үл хөдлөх хөрөнгийн шинжээч, эдийн засагч/
Гадны банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байдаг. Нэг нь Хойд Солонгос, нөгөөх нь Монгол. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна нөхцлүүд нь зөөлөрнө. Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр л нөгөө дотоодын хэдэн банкууд хар пи ар явуулж эхэлдэг. Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй. Өнөөдөр манай банкуудын өгч байгаа зээл бол хүнийг зүгээр л өрөнд оруулаад, цаашид хөгжиж дэвшихгүй болгож байгаа юм.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ