С.Эрдэнэ: Тангараг өргөсөн төрийн алба хаагчдаар битгий оролдоорой


Ерөнхийлөгчийн зарлигийн УИХ-ын долоо дахь удаагийн анхдугаар чуулган өнөөдөр 11 цагт нээлтээ хийлээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч даргалж байна. Ингээд чуулган амжилттай эхэлж, шинэ гишүүд тангарагаа өргөснөөр МАН-ын олонх болсон парламентын бүрэн эрх нээгдлээ. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индэр дээрээс гишүүдийн нэрсийг дуудаж, төрийн туганд мөргөх ёслол үргэлжилж байна.

 

Харин үүний өмнө гишүүдийг асуулт асуух үеэр С.Эрдэнэ гишүүн сөрөг хүчинд хандаж Ц.Нямдорж гишүүний үгийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. 

 

Ц.Нямдорж гишүүн "Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ үргэлж санаж ажиллахыг намын нөхөддөө зориуд хэлмээр байна. Олонх болсон гэж дураараа авирлаж, хууль зөрчихгүй байхыг хүсье" хэмээсэн юм.

 

Харин энэ үгийг С.Эрдэнэ гишүүн дэмжиж "Ц.Нямдорж гишүүнтэй санал нэг байна. Хэт олонхдоо бардаж Монгол төрийн албыг гуйвуулахгүй байх гэдэгт итгэж байна. Сонгуулийн өмнө явж байсан мэдээллийг СЕХ шалгах байх. Өнөөдөр Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэд байгаа. Аль нэг намын гишүүн байснаараа хэн нэгэн хүн хэлмэгдэх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн алба хаагчдаар битгий оролдоорой" гэв.