Э.Бат-Үүл: Бидний эхлүүлсэн ажлуудыг зогсоож болохгүй


Хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2016 оны НИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Юуны өмнө би Нийслэлийн сонгуулийн хороонд шударга, ил тол мэдээлэлтэй сонгуулийг зохион байгуулсанд талархал илэрхийлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бид Нийслэлд ид шидтэй мэтээр их бүтээн байгуулалтыг хийсэн. Ийм ч учраас нийслэлчүүд өндөр шаардлагатай болж төлөвшсөн гэж бид харж байгаа.

Бидний хувьд сонгуулийн үр дүн цунами байлаа. Ийм үр дүн гарна гэж бид үнэхээр төсөөлөөгүй. Ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Учир утгагүй гүтгэсэн, хийсэн ажлыг харлуулсан тохиолдолд сонгогчдын саналыг түлхүү авч болдогийг НИТХ-ын сонгуулийн үр дүн харууллаа. Монголын ардчилалд ийм шинэ жишиг тогтох вий гэдэгт би хувьдаа харамсаж байна. Гэхдээ сонгууль ардчилалын үнэт зүйл дээр суурилан явагдсан учир тайван болж өнгөрлөө.

 

Би нэг л зүйлд санаа зовж байна. Улс Нийслэлийг мафийн бүлэглэлийн аргаар удирдаж болохгүй. Хэрвээ  мафийн бүлэглэл удирдаад эхлэх юм бол нийгмийн амгалан тайван байдал алдагдаж, цаашлаад тогтворгүй байдал ч үүсэх аюултай. Сонгогчид ажлаа сайн хий гээд МАН-д итгэл үзүүллээ. Ажлаа сайн хийгээд явах учиртай гэж би харж байна.

 

Нийслэлийн засаг даргын хувьд би өнгөрсөн дөрвөн жил бидний эхлүүлсэн гурван гол ажил зогсолгүй үргэлжлээсэй гэж хүсэж байна.

 

Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу “Сайн хашаа” хөтөлбөр зогсож болохгүй. Хашааны газар дээрээ Нийслэлчүүд тав тухтай орчин бүрдүүлэн амьдрах бүрэн эрхтэй.


 

Хоёрдугаарт, Төрийн үйлчилгээний супер маркетийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй. Дарга нарын ширээн доогуур мөнгө шургуулж байж бүтдэг олон ажлыг иргэд энэ үйлчилгээнээс ямар ч чирэгдэлгүй хүртэж байгаа.


 

Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг зогсоолгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Нийслэлээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд соёл урлагийн салбарт, тэр дундаа сонгодог урлагийг маш сайн дэмжсэн. Ингэж дэмжиж байсан тохиолдол урьд өмнө нь байхгүй. Маш их үр өгөөжтэй том хөтөлбөр юм.

 

Бид газрын авлигыг зогсоосон. Үүнийг цаашид үргэлжлүүлэх ёстой. Нийслэлийн хэмжээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтууд үргэлжлээд яваасай гэж би хувьдаа хүсч байна” гэсэн юм. Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Нийслэлийн АН ялагдал хүлээлээ. Нийслэлийн АН-ын даргын хувьд та хариуцлага хүлээх үү?

 

-Хүлээнэ. Нийслэлийн намын даргын хувьд нийслэлийн Ардчилсан намын зөвлөх хорооны хурлыг хуралдуулаад, намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина.

 

-Олон нийтийн дунд АН-ын нэр хүнд муу байсан учраас Нийслэлээ чирчихлээ гэх яриа байна. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх бэ?

 

-Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Ер нь сонгуулийн дараа их мэдэгчид гарч ирж, янз бүрээр цэцэрхдэг. Энэ тайлбар түүний л нэг байх. Сонгуулийн үр дүнг харахад МАН-аас дэвшиж байгаа бор халзан хонь ч гарч ирэх магадлалтай байсан нь тодорхой байгаа.