Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяртай ярилцлаа.-Найдангийн Түвшинбаяр гэдэг хүнийг монголчууд Бээжингийн олимпоос Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн тэр цагаас илүүтэй мэдэх болсон. Рио-гийн олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байгаа мэдээлэл гарч байсан ч гэнэтхэн Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон нь мөн л олны гайхшралыг төрүүллээ...
-Монголчууд хэн нэгэн хүн ямар нэг зүйл хийж байгаад өөр салбарт ороход эсэргүүцэх ч гэдэг юм уу эргэлзэж, тээнэгэлзсэн байдлаар хүлээж авдаг байж магадгүй. Яг үүн дээр би нэг зүйл хэлье.Намайг хүүхэд байхад аав, ээж хоёр эмч болгоно гэдэг байсан.Гэтэл би долдугаар ангид байхдаа зурагтаар жүдо бөхийн нэвтрүүлэг үзээд тамирчин болъё гэж шийдсэн.Ганцхан агшны бодол ч гэсэн хүний бүхий л амьдралын зорилго болох тийм цаг үе байдаг. Тиймээс уг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тамирчин болох сонголтоо хийчихээд “Хүү нь эмч болохгүй, жүдо бөхийн тамирчин боллоо” гээд аав, ээж хоёртоо хэлэхэд эсэргүүцэж байсан.
-Тэгээд аав, ээжийнхээ үгэнд оролгүй тамирчин болсон хэрэг үү?
-Хүний хүссэн, зорьсон зүйл гэдэг өөрөө ямагт тэргүүн эгнээнд байх ёстой. Тэр утгаараа би эргэлзэх зүйлгүй анхныхаа багш дээр очиж эмнэлгийн цагаан халаат биш эх орныхоо нэрийг дуурсгах тамирчин болохоор цагаан кимоно өмссөн юм. Хүмүүст мөрөөдөл мэт зүйл хэлэхээр сонин санагддаг юм шиг байна лээ. Анх багш маань “Чи ямар зорилгоор тамирчин болох гэж ирсэн юм” гэхээр нь “Олимпийн аварга болно оо” гэхэд тэнд бэлтгэл хийж байсан хүүхдүүдээс эхлээд бүгд намайг шоолон инээлдэж байсныг одоо ч санадаг. Ямартай ч 2008 онд ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг тээж олимпийн аварга болсон.Гэсэн ч бэртэл гэмтлээс шалтгаалан олимпоос хойш амжилт буурч эхэлсэн.Тэр үед монголчууд “Түвшинбаяр жүдо бөхийн спортоос яв.Одоо боль.Өөр юм хий” гээд янз бүрийн л зүйл ярьдаг, бичдэг байсан.“Намайг хүмүүс юу ч гэж яриг, хамаагүй, өөрийнхөө зорилгын төлөө явах хэрэгтэй” гэдгийг ухамсарласан тул тэр олон дайралтыг давсан.Ямар ч байсан Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн.Ингэж ард түмнийхээ итгэлийг хоёр удаа алдаагүй гэж боддог
-Таныг монголчууд “Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр” гэж хэлдэг. Улс төрийн хүрээнд ч найдлага алдахгүй л гэж зүтгэх байх даа...
-Харин нэг мэдсэн чинь тийм нэртэй болсон байсан.Ямар нэгэн хүний сэтгэлд сэв үлдээчихвий гэж байнга боддог.Би ямар ч үед ард түмнийхээ хүлээлгэсэн тэр их итгэл найдварыг алдахгүй байх юмсан гэж хичээдэг.Улс төрд орох гэж байна гээд хүмүүс их гайхаж байгаа.Би л хувьдаа спорт, улс төр хоёулаа л ард түмний төлөө гэж ойлгодог.Тэр утгаараа улс төр гэдэг бол ард түмэн.Тамирчин хүн улс орныхоо нэрийг тив, дэлхийн дэвжээнд гаргаад явж байхад эх орноо гэсэн хүн чанар хүссэн хүсээгүй суудаг юм билээ.Японы жирийн иргэний хэрэглээ Монголын жирийн иргэний хэрэглээ хоёр ямар ялгаатай байгааг бид мэднэ.Яагаад монголчууд Нью-Йорк, Вашингтоны өндөр хэрэглээтэй тэр хүмүүсийн түвшинд очиж болдоггүй юм бэ.Ийм сэтгэхүйгээр л би улс төрд орж байгаа.Спорт гэдэг бол тамирчин хүнд эх орноо гэсэн сэтгэл, бусдын төлөө гэх халуун итгэлийг суулгаж өгдөг.Өөрийнхөө амжилтаар ард түмнээ мялаах шиг сайхан зүйл хаа байхав.Олон жил түмэн олныхоо хайр, хүндэтгэлийг хүлээлээ.Одоо тэднийхээ ачийг хариулна.
-Яагаад заавал улс төр гэж?
-Өөрийн биеийн амрыг хараад явах хангалттай боломж байна.Өнөөдөр надад дутагдаж, гачигдах зүйл алга.Болж бүтэхгүй байгаа энэ бүхэн дээр өөрийн дуу хоолойгоо гаргаж, энэ нийгмийн сайн сайхныг хамтдаа л бүтээхийг хүсч байгаа юм.
-Таныг жүдо бөхийн спортоор анх хичээллэж эхлэхэд аав, ээж тань эсэргүүцэж байсан тухай ярьсан.Харин улс төрд орно гэдгийг танайхан хэрхэн хүлээж авсан бэ?-Ямар ч хүн цаг ямагт эсэргүүцэлтэй тулгарч байдаг.Аав, ээж хоёртоо “Хүү нь улс төрд орохоор шийдлээ” гэхэд “Улс төр гэдэг чинь бохир заваан зүйл” гээд хүмүүсийн ярьдгийг хэлж байсан.Би аавдаа “Хүү нь бусад хүмүүсийн төлөө, сайн сайхан эх орныхоо төлөө завгүй зүтгэхээр шийдсэн” гэхэд “Сайн байна, миний хүү.Өөрийгөө бодож яваарай” гээд өмөөрөнгүй үг хэлсэн шүү.
-Ард түмний хайртай аварга маань Х.Баттулга гэдэг нэг хүний захиалгаар улс төрд орлоо гэдэг шүүмжлэл байна л даа.Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Ямар ч хүн өөрийн гэсэн толгойтой.Ямар ч хүн өөрийн гэсэн үзэл бодолтой.Тэр үзэл бодолдоо бат зогсохын тулд хичээдэг.Би тэгж л яваа хүн.Монгол Улс гэдэг энэ дэлгэр уудам орныхоо төлөө хэн юу хийсэн юм бэ.Монгол Улсынхаа төлөө зөв зүйтэй бодлого боловсруулаад ажиллаж байгаа нь хэд байгаа билээ.Цөөн хэдхэн хүн бий.Тэдний нэг нь Х.Баттулга ах.Тиймээс би дэмжиж байгаа.Х.Баттулга ахыг буруу зүйл хийж байсан бол юу гэж дэмжих билээ дээ.Эх орноо хөгжүүлье гээд зориг шулуудан яваа энэ хүмүүсээ дэмжихгүй бол хэнийг дэмжих юм.Ийм эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүстэй нэг баг болж, улс орноо хөгжүүлэх тийм бодол тээн улс төрд орж ирсэн.
-Улс төрд орох шийдвэрээ та гэнэт гаргасан уу.Эсвэл эртнээс төлөвлөсөн зүйл байв уу?
-Улс төрд орох шийдвэр гэхээсээ илүү спорт, улс төр адилхан юм шиг байгаа юм.Дээр хэлсэн дээ, тамирчин хүн эх орныхоо нэрийг гаргах гэж тэмцээн, уралдаанд оролцдог гэж.Улс гэдэг бол ард түмнийхээ итгэлийг хүлээн тэдний өмнө хариуцлага хүлээж, иргэдийнхээ таатай орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс ажилладаг. Тэгэхээр спорт ч тэр, улстөрч ч тэр ард түмнийхээ төлөө л явж байгаа биз дээ.
-Таныг Булганд биш Баянхонгорт очиж нэр дэвших болсон нь олны анхаарлыг татаж байна. Ялангуяа Булганыхан их цочирдож хүлээж авч байна?
-Баянхонгор аймагтай холбоотой дурсамж надад маш их бий.Анхны олимпийн галыг минь асааж өгсөн газар Баянхонгор байхгүй юу.Баянхонгорын Бага олимпийн галыг асааж байсан тэр мөчийг мартах учиргүй. Яг тэгж Бага олимпийн галыг асааж байхдаа “Би олимпийн аварга болж болох юм байна” гэдэг итгэл найдвар оргилж байсан. Тиймээс үүнд бэлгэшээж явдаг юм.Ээж минь Баянхонгор аймгийн Заг
-Байдрагийн хүн. Ээжийн өвөг эцэг Содномпил гэж морин өртөөний даргаар ажиллаж байсан хүн залуу жанжин хэмээн нэрлэгддэг Лхагвасүрэн жанжны аавтай хамт Булган аймгийн Сайхан сум руу нүүж байсан юм билээ.Би аав талаа дагавал Булганых, ээж талаа дагавал яалт ч үгүй Баянхонгорын хүн. Миний амьдралд Баянхонгортой холбоотой зүйлс их байдаг. Анхны багш маань Баянхонгорын хүн байсан бол, дөрвөн сайхан хүүхдийг минь өлгийдөж авсан хүйн ээж Цэрэнсамбуу гэж Нэгдүгээр төрөхийн ахлах зөвлөх эмч Баянхонгорынх байх жишээтэй.Энэ мэтчилэн яриад байвал олон зүйлийг хэлж болно . Мөн 2013 онд Баянхонгор аймгийнхан надад их итгэл хүлээлгэж “Баянхонгор аймгийн Хүндэт иргэн” гэдэг хүндтэй шагналаа өгсөн.Үүнийг шагнал гэхээсээ илүүтэй Баянхонгор аймгийн төлөө зүтгэх итгэл, хариуцлага байж гэж бодон сууна.
-Сонгууль гээд л гүйгээд байдаг.Олимпийн бэлтгэл хангагдаж байна уу.Энэ жил сонгууль, олимп гээд Төрийн наадамдаа зодоглож чадахгүй болох байх?
-Энэ жил олимптой болохоор Төрийн их баяр наадмаа өнжиж таарах нь.Дөрөв, тавдугаар сард бэлтгэлээ сайн базаасан.Ерөнхийдөө бэлтгэлээ алдахгүй, гайгүй байх.Нэг талаасаа энэ жилийн сонгуулийн сурталчилгаа хаа очиж цөөн хоног үргэлжлэх нь наддаа л давуу тал болж байна.Рио-гийн олимп миний сүүлийн олимпийн наадам.Баянхонгорчууд маань намайг “ёндоо”-руулчихвал олимпдоо сэтгэл санаа аятайхан орчих гээд байна даа (инээв).Олимпод ёндоорохыг хэн байг гэхэв дээ.
-Сонгуулийн бэлтгэл хэр базаагдсан бэ?
-Ерөнхийдөө давгүй байна.Сурталчилгааны хугацаа эхлэхээр албан ёсоор ажлаа эхлүүлнэ.Баянхонгорынхоо иргэдтэй удахгүй уулзана даа.-Таны найз нөхөд чинь улс төрд орж байгааг хэрхэн хүлээн авч байна вэ.Зарим хүмүүс 2020 онд л нэр дэвшихгүй гэж байгаа харагдах юм?-Монголын парламентын сонгууль удахгүй болно.Ялалт байгуулан гарч ирсэн хүн дөрвөн жилийн хугацаатай Их хурлын гишүүнээр ажилладаг.Олимп мөн дөрвөн жилд нэг удаа болдог.Тамирчин хүн нэг өдрийн, нэг цагийн, нэг минутын бэлтгэл таслах нь ямар сөрөг нөлөөтэй байдгийг мэдэрдэг болчихдог юм.Ганцхан минутын бэлтгэлд сэтгэл гаргалгүй алдахад л алтан медалиа давхар алдаж байдаг гэдгийг мэддэг.Цаг хугацаа гэдэг бол хүний амьдралд маш чухал зүйл.Миний хувьд нэг өдрийн ажил хойшлогдоход улс орны амьдрал бүхэлдээ дагаад хойшилж байдаг гэдгийг мэддэг болохоор энэ цаг хугацааг алдах хүсэл алга.
-Энэ удаагийн сонгууль өвөрмөц болж байна л даа.Бөхчүүдийн хувьд дандаа л аваргууд өрсөлдөж байна. Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумьяабазар, Х.Цагаанбаатар, та гээд л...
-Ганцхан Монгол Улсад л бөхчүүд улс төрд ороод байгаа юм биш л дээ.Олон улсад бөхчүүд парламентын гишүүн болсон байдаг юм билээ.ОХУ-ын Төрийн Думыг хар.Улс төрд спортынхон илүү амжилттай яваа харагддаг.Ялангуяа ард түмэндээ нэр хүндтэй, тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээдэг. Тэр тамирчин тийм муу зүйл хийжээ л гэж би хувьдаа сонсч байгаагүй.Монголд гэхэд УИХ-д үндэсний бөхийн аваргууд орж ирснээр муу хэлүүлээд байгаа юм алга.Б.Бат-Эрдэнэ аварга гэхэд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.Спортоор хичээллэсэн хүмүүс хар буруу зүйл хийгээд байдаггүй юм.Энэ нь спортын хүмүүжил л дээ.-2008 оны Бээжингийн паралимпийн аварга Д.Баатаржав Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байна. Хоёр олимпийн аварга нэр дэвшсэн гээд бас л сонирхол татаж байгаа юм л даа?
-Д.Баатаржав ах нэр дэвшиж байгаа юм уу.-Нэр дэвшиж байгаа...
-Д.Баатаржав ах паралимпэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөөлөл болон, тэдний итгэлийн туг болсон.Алтан медаль ч авсан.Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль тогтоомж юусан билээ.Тэр хүмүүсийн дуу хоолой хэрэгтэй байх.Их хурал гэдэг бол зөвхөн эрдэмтдийн цугладаг газар биш. Салбар салбарын хүмүүс тэнд орж үгээ хэлж, хууль тогтоомжоо батлуулах хэрэгтэй.Спортын хүмүүс нэр дэвшчихлээ гээд ад үзээд байх шаардлага байхгүй болов уу.Монголын спорт хөгжиж байна л гээд байгаа.Үнэндээ Х.Баттулга ах л сэтгэл гарган хөгжүүлж байгаа болохоос бусад төрлүүд ямар байгаа билээ дээ.Спортын салбарт тэднийхээ дуу хоолой болох болно.Би хөдөө өссөн болохоор хөдөө аж ахуй хийгээд мал аж ахуйн салбарыг сайн мэдэхийн хувьд бодлого боловсруулахад анхаарна.
-Та яагаад Ардчилсан намыг сонгосон юм бэ?
-Би 2013 онд өөрийн хүсэл сонирхлоор Ардчилсан намд элсч байсан.Ардчилал бидэнд өнөөдрийн байгаа бүхнийг өгсөн.Ардчилал монголчуудад аз жаргал авч ирсэн.Өмнөх нийгмийн үед ямар байлаа.Малчны хүүхэд гадагшаа сургуульд сурах боломж хэр байсан билээ.Ардчилал байгаагүй бол би олимпийн аварга болох байсан ч юм уу, хэн мэдэх юм.Ардчиллын буянаар “Энэ минийх” гээд нүүр бардам хэлчих тийм зүйлстэй болсон.Намайг багад сумын дарга манайд ирээд хоттой хонин дотроос миний хайртай хонийг нүдэн дээр минь аваад явж байсан.Сумын даргыг ирэхээс өмнө “Энэ хонь минийх” гэдэг тийм л бодол надад байсан юм.Тиймээс ардчилал бидэнд өөртөө итгэх итгэл, бидэнд байгаа зүйлсийг өгсөн.Би ардчилалд хайртай.
Өдрийн сонин Э.ЭНХБОЛД
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа