Бенз Л.Эрдэнэчимэг гишүүн “Саун” Чимгээ болов уу


Бидний мэдэхээр Моносын Эрдэнэчимэг өөрөө өөртөө өгсөн хоч нь бенз Чимгээ, нэгж Чимгээ гэх мэтээр хөвөрнө. Харин эрхэм гишүүний үнэн алдар нь Лувсангийн Эрдэнэчимэг билээ. Анхнаасаа л алиа хошин зан, хачин сонин үйлдлээрээ олноос онцгойрсон гишүүн маань сонгогдож гарсан Сонгино хайрхан дүүрэгтээ ихээхэн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж нилээд зузаан ажлын тайлан сэтгүүл тарааж явна. Тэрхүү сэтгүүлээс үзвэл Сонгино хайрхан дүүргийг байтугай нийслэл хотыг ганц Эрка гишүүн л хөгжүүлж байна гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхүйц тайлан сэтгүүл болсон байна лээ. Саппорогийн уулзвар, Толгойтын зам, Өнөр хорооллын арын уулзвар гээд мөн ч их ажлыг хийжээ гэж бодохоор. Эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор их олон ажлыг хийхээс гадна хийсэн ажлын тайлан сэтгүүл дээрээ 2016 оноос Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Сонгино хайрхан дүүрэгт нэгдсэн эмнэлэг шинээр барих гэж буй тухай сэтгэлдээ бодож явсан бодлоо задалсан байх юм. Ийм том ажлыг энэ олон жил хав дарах гэж. Хэрвээ энэ эмнэлгийг бариад хүлээлгээд өгцөн байсан бол Эрка гишүүн Сонгино хайрхан дүүргээс “ногоон” гэрлээр гарах байлаа. Нийслэлийн хамгийн их хүн амтай, эмзэг ядуу хүмүүс дийлэнх нь амьдардаг энэ дүүрэгт улсын эмнэлэгт оочерлож шинжилгээ өгнө гэдэг чинь “алаан” байхгүй юу. Өглөө 6:30 минутад ирж оочерлоод ч номер авч чадалгүй буцах жирэмсэн болон хөгшин хүмүүс өчнөөн олон бий. Тойрогтоо 250 удаа ирж ажиллахдаа энэ зовлонг олж хараагүй бол тэгэж олон ирж цагаа үрэх хэрэг байсан ч  юм уу даа. Авто замын ажлууд яахав угаасаа хийгдэх ажлууд байсан шүү дээ.

 

 Тарааж буй тайлан сэтгүүлийн нүүр хуудсанд цэнхэр дээлээр гоёсон Эрка гишүүн гялалзаж байна лээ. Нэр дэвшигч Нарагийн гаргасан цэнхэр өнгө улс төрч бүсгүйчүүдийн дунд жинхэнэ трэнд болж буйг энэ жилийн сонгуулийн сурталчилгааны зурагуудаас илхэн харж болно.

 

Энэ долоо хоногт Сонгино хайрхан дүүргээр нэг хөл хөдөлгөөн болж хөгшин залуугүй баярлаж байна. Учир юу вэ гэвэл моносын логотой эмийн сан болон нэгж тараадаг өглөгч гишүүн минь өөрийнх нь сонгуулийн сурталчилгаанд ухуулагчаар явах ажилчдыг дайлж цайлаад завгүй байгаа аж. Эрка гишүүний сонгуулийн ажилд ухуулагчаар явах гэж буй хэлтэй амтай залуу бүсгүйн ярьснаар гишүүн эхний өдөр өөрийнх нь сурталчилгаанд явах хүмүүсийг нэгдсэн журмаар автобусанд суулгаж Найрамдал зусланд аваачиж өдрийн туршид амраасан аж. Маргааш өдөр нь мөн л нөгөө хүмүүсээ алжаал тайлах төвд аваачин өдрийн туршид саунд суулгаж бүтэн биений массаж хийлгэж өгсөн гэнэ. Харин сүүлийн өдөр нь Монос компани дээрээ аваачин өөрийн биеэр ухуулагчидтайгаа уулзаж үзэл бодлоо хуваалцсан аж.

 

Эмэгтэй хүн угаас их яриад ирэхээрээ буруу зүйл яриад ирдгийн тод жишээг Эрка гишүүн баталсан гэнэ. Учир нь тэрээр дэмжин ажиллаж буйд баярлалаа гэж хэлээд “Би энэ дүүрэгт нэг ч хүүхдийг цэцэрлэггүй орхихгүй маш олон цэцэрлэг бариулна, амлаж байна ” гэж орилоод хэлээ гаргаад амаа дарсан гэнэ. Энэ жилийн сонгуулийн хуулиар бол нэр дэвшигчид амлалт өгөх ёсгүй байгаа. Буруу зүйл ярьснаа мэдсэн гишүүн дуу нь сулраад төд удалгүй уулзалтаа дуусгаж цугласан олныг хоолонд оруулаад тараасан гэнэ.

 

Бүсгүй хүн бүх зүйлд няхуур байдгийн бас нэгэн тод жишээг нь Эрка гишүүний ажлын албаны хүмүүсийн уйгагүй зангаас харж болно. Л.Эрдэнэчимэг гишүүний туслах байна гишүүн уулзалт зарлаж байна, та ирж чадах уу, үгүй бол гэрээсээ өөр хүн явуул, хэнийг явуулах уу гээд өдөр шөнөгүй залгаад амраахаа байлаа. Тэр хүмүүсийн уйгагүй зангаас харвал эдгээр хүмүүс бүгд Моносын ажилчид аж. Хүн амин чухал ажил хэрэг ээ өөрийн хүмүүстээ даатгах нь зүйн хэрэг биз.

 

УИХ-д дөрвөн жилийн хугацаанд суухдаа тойрогтоо 250 удаа ажилласан гэж бичсэн Эрка гишүүн тойрогтоо хамгийн их ирж ажилласан шилдэг гишүүнээр шалгарч мэдэх юм. Сонгуулийн сурталчилгааны ажил эхэлж амжаагүй байхад хийсэн ажлын тайлан нэрээр хаалга балбаж сэтгүүл тараах явдал гараад долоо хонож байна. Сэтгүүлээс харахад хэн нь яг юу хийснийг нь огт мэдэх юм алга. Би хийсэн гэж зурагтаар амтай болгон нь ярьсан ажлуудыг л би хийсэн хэмээн бичсэн байх юм. Энэ жилийн сонгууль хууль нарийсвал, хулгай хулгай нарийсна гэдгийн тод жишээ болох нь дээ.

 

Эх сурвалж: Amjilt.com