”Ажлын байрандаа вино ууж, тамхи татсан нь миний буруу. Ард түмнээсээ УУЧЛАЛТ гуйж байна”


Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, Хуульч ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, улмаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус авирлаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн.

 

Мөн тус 26 секундийн бичлэгийг Л.Эрдэнэчимэг гишүүн 50 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээлсэн билээ.


 

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болоод буй үйл явдлын талаар өнөөдөр MN-мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна.

 

Тэрбээр "Өчигдөр би бичлэгийг үзээд хэвлэлийн бага хурал хийнэ гэсний дагуу өнөөдөөр мэдээлэл хийж байна.

 
2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Х.Бат-Ялалт надтай ирж уулзаад надад бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн.

 

Энэ бичлэг миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүн тоглож хийсэн бичлэг. Х.Бат-Ялалтыг явсны дараа би Г.Уянгатай утсаар ярьсан.

Уянгаа "Би утсаа хулгайд алдчихсан. Энэ хэргээрээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа гэсэн.

 

Би ч гэсэн цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг үүсчихсэн байгаа. Хуулийн дагуу бол Х.Бат-Ялалт цагдаад очиж байцаалт өгсөн байх ёстой. 

 

Үүнээс хойш долоо хоног Х.Бат-Ялалт надаас тасралтгүй мөнгө нэхсэн. Сүүлдээ  "Ядаж сонгуулийн дараа өгье түр мөнгө зээлчих" гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн.

 

Би ажлын байран дээрээ вино ууж, тамхи татсандаа, ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ УУЧЛАЛТ гуйж байна.

 

Миний хэлсэн үг бол хүний эрхийн асуудал гэж би бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ зохих торгуулиа төлсөн. Өнөөдөр 50 мянган төгрөгийн торгуулиа төллөө.

Цаашид өөр ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой бол тэрийгээ хүлээнэ гэж бодож байна." гэв.

 

ЭХ сурвалж: iKon.mn сайт шууд дамжуулж байгааг хүлээн авна уу.