“Академи авардс”-ын шилдгээр “Содура” цойлсон үдэш


“Монголын Үндэсний кино урлагийн академи”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын кино урлагийн шилдгийн шилдгийг тодруулдаг “Академи Авардс” наадам зургаа дахь удаагаа “Их тэнгэр цогцолбор”-т боллоо.Энэ удаагийн наадамд өнгөрсөн бүтэн жилийн турш нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон 24 бүтээл 17 номинацийн төлөө өрсөлдсөн юм.Наадмын шагнал гардуулах ёслол “Шилдэг зохиолч” номинациар салхиа хагалан “Үргээлэг-2” киноны зохиолч Т.Бум-Эрдэнэ шалгаран Урианхай гуайгаас энэхүү алтан цомоо гардан авсан юм.

 

“Академи Авардс”-ын эхний хоёр шагналын эзнээр “Үргээлэг-2” кино шалгарч түүний араас “Содура”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Lovers” бүтээлүүд шил даран шагналын хур буулган энэ үдшийн өрсөлдөөн ширүүхэн явагдаж эхэлсэн.Учир нь өнгөрсөн жилийн хугацаанд нээлтээ хийсэн 33 бүтээлээс “Үргээлэг-2”, “Содура”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Зургаа дахь хүсэл”, “Зангараг”, “Тайга”, “Эр хүн болгож өгөөч”, “Босуул”, “Муу нүүрт”, “Lovers”, “Элэг нэгтэн” зэрэг эх орондоо төдийгүй гадаадад тэр тусмаа гаднын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн шилдэг бүтээлүүд өрсөлдсөн нь тэнд хуран чуулсан зочдыг хүлээлтэд хүлэн шагналын эзнийг зарлах торгон агшинг амьсгаа даран чагнан байсан юм.Кино наадмын хүрээнд уран бүтээлчид ая дуугаа өргөн байсан.

 

Гэхдээ энэ жилийн хувьд “Шилдэг дуу” номинацид өрсөлдөж байгаа уран бүтээлчид ийнхүү тайзнаас киноныхоо дуугаар үзэгчидтэй мэндчилсэн нь содон байлаа. Мөн  наадмын үзэгч, зочдод барьсан гэнэтийн бэлэг бол дуучин, хөгжмийн зохиолч Б.Ангирмаа, Л.Тайванбат нарын “Чиний харц” уран бүтээл байсан юм. Олон жил тэднийг ийнхүү хамтдаа тайзнаа ая дуугаа өргөхийг хараагүй удсан хэн бүхнийг сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.  

 

Ингээд “Монголын Академи Авардс-2016” наадмын шилдгүүдийг танилцуулья:

 

“Шилдэг кино зохиолч” “Үргээлэг-2” Т.Бум-Эрдэнэ

 

“Шилдэг хөрөнгө оруулагч”  “Үргээлэг-2” “Prime pictures”, “A group”

 

“Шилдэг нүүр будалт” “Содура” Г.Ганчимэг

 

“Шилдэг дүрсний эффект” “Содура” Ш.Тансаг

 

“Шилдэг дууны найруулагч” “Атганд үлдсэн эрдэнэ” Михиа Рикардо

 

“Шилдэг эрэгтэй туслах дүр” “Содура” С.Ариунбямба

 

“Шилдэг эмэгтэй туслах дүр” “Содура” С.Болормаа

 

“Шилдэг хөгжмийн зохиолч” “Маш нууц” Б.Одбаяр

 

“Шилдэг зураглаач” “Lovers” Э.Нэргүй

 

“Шилдэг эвлүүлэгч” “Lovers” М.Төгөлдөр

 

“Шилдэг зураач” “Содура” Н.Болор-Эрдэнэ

 

“Шилдэг дебют уран бүтээлч” “Замбуулин дуусах болоогүй” Н.Батбаяр

 

“Шилдэг богино хэмжээний кино” “Эргэж ирсэн нь” М.Аззаяа, Б.Баярсайхан

 

“Шилдэг эмэгтэй гол дүр” “Lovers” Д.Гэрэлмаа

 

“Шилдэг эрэгтэй гол дүр” “Атганд үлдсэн эрдэнэ” П.Цэрэндагва

 

“Шилдэг дуу” “Содура” Ч.Очгэрэл“Шилдэг найруулагч” “Lovers” Ж.Сэнгэдорж

 

“Шилдгийн шилдэг Гранпри” шагналын эзнээр “Содура” бүтээл

 

Энэ жилийн наадмаас эхлэн уламжлал болгон нэрт найруулагч, академич Х.Дамдины нэрэмжит шагналыг үр хүүхдүүд нь санаачлан бий болгож “Академи Авардс” наадам дээр гардуулж байхаар болсноо дуулгасан юм.Нэрт найруулагч Х.Дамдины нэрэмжит шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” бүтээлээрээ найруулагч, жүжигчин У.Уранчимэг гардан авсан юм.