Д.Арвин уу, П.Анужин уу, С.Жавхлан уу


      “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн алдагдсан гэх бичлэг нийгэмд тарахтай дөрөө харшуулан тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхээ гардсан. Улстөрчийн хувьд туршлага нимгэн ч боловсролоор хэний ч дор орохгүй түүнд баянзүрхчүүд итгэл хүлээлгэх эсэхийг нэг сар орчмын дараа харах болно. Гэхдээ П.Анужинд боломж байгааг улстөрийн ажиглагчид хэлж буй.

 

       Учир нь түүний өрсөлдөгч нь парламентад дөрөв дэх удаагаа сонгогдсон туршлагатай гэхээс өөр хэлүүлэх бүтээлгүй УИХ-ын гишүүн Д.Арвин юм. Нөгөө нэг өрсөлдөгч нь дуучин С.Жавхлан болон бусад нам эвслийн нөхөд. Улстөрийн тэтгэвэрт суух нас нь болсон өрсөлдөгч Д.Арвины хувьд бол “Үхэхдээ үхэр буугаа тавих”-аар шийдсэн гэдгийг тойргийн сонгогчид хэлж буй. Түүнд өөр арга байхгүй. Тэрбээр МАН-ын нэр дээрээс Хэнтий аймагт гурван удаа нэрээ дэвшүүлэн өрсөлдөн, ялалт байгуулж байсан бол өнгөрөгч 2012 оны сонгуульд мөн МАН-ын нэр дээрээс Баянзүрх дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Харин энэ удаад тус дүүрэгт АН-ын нэр дээрээс өрсөлдөхөөр мандат аваад байгаа аж. Тиймээс тэрбээр мандат авах сургаар өөрт оногдсон хороо хориноор гүйдэлтэй болж, хорооны Засаг дарга нарыг амраахгүй ая тал засч байгаа тухай бидэнд мэдээлсэн юм.

 

       Тэд хэлэхдээ “Манай Д.Арвин гишүүн хороогоор сүүлийн гурав дөрвөн жил үзэгдээгүй хүн дээ. Харин сүүлийн үед ихээхэн харагдах боллоо. Олон сонгогдоод ирэхээр гишүүд сонгогчдыг аргалчих гээд байдаг юм. Тэдний л нэг байна. Тэгээд ч манай баянзүрхчүүд ам муутай л байна” хэмээсэн. Д.Арвины хувьд Баянзүрх дүүргээс УИХ-д суудал авсан даруй дөрвөн удаа нэрийг нь ашигласан МАН-аа орхиж, АН-ын нөмөр бараадсан. Тухайн үед “Д.Арвин Баянзүрх дүүрэгт Төрөх эмнэлэг барих тендерт ялж мөнгө аваад эмнэлгээ бариагүй ч мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Тиймээс түүнийг шалгах болж, тэрбээр эрх баригч намыг бараадлаа” гэх зэргээр мэдээлэл тарж байсан. Чухам үнэн худал эсэхийг баянзүрхчүүд аль эрт шүүн тунгаасан байж таарна.  

 

      П.Анужин бол Д.Арвины дэргэд ёстой л шинэков. Улстөрийн туршлагаас эхлээд бусад арга залийн хувьд ч хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ нэр цэвэр залуу хүн. Харин сүүлийн үед үнэн худал эсэхийг бүү мэд түүний тухай элдэв бичлэг хэвлэл мэдээллээр тарж байна. Үнэн байлаа ч энэ бол түүний хувийн асуудал учраас төдийлөн ач холбогдолтой зүйл биш. Ямартай ч тэр ард түмний таашаалд нийцсэн нэвтрүүлэг хийж, олны нүдэнд өртсөн хүн төдийгүй улстөрд бэлтгэгдсэн залуу боловсон хүчин гэдгийг ажиглагчид хэлж буй. Аливаа зүйлийн гэрэл сүүдэр зэрэгцэж оршдог учраас “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад Төрөө зас гэсэн үг бий. Гэтэл П.Анужин энэ тал дээр ихээхэн дутагдалтай” хэмээн сүүлийн үед тарж байгаа сөрөгдүү мэдээллийг түшиглэсэн мессэж ч нийгэмд багагүй тархаж байгаа. 

 

      Нөгөө талаас дээрх хоёрын өрсөлдөгч бол сонгуульд хоёронтоо өвдөг шороодоод буй УГЖ, дуучин С.Жавхлан. Ялалт байгуулахгүй юм гэхэд хоёр өрсөлдөгчөө чамгүй сандаргах хандалга бий. Бас чиг 2009 оны Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөж, Д.Зоригтод өвдөг шороодсон бол 2012 онд төрж өссөн Увс аймагтаа өрсөлдөж мөн өвдөг шороодсон. Түүний хувьд улстөрд бэлтгэгдсэн боловсон хүчин биш ч гэлээ үндэсний үзэл далайлгасан нэртэй дуучин. Ард түмний хайртай дуучин яах аргагүй мөн. Даяаршлын эрин зуунд Монгол гэх зүйл биднээс алсарч байгаа үед эрхэм дуучин маань Монголоо гэсэн сэтгэл өвөртөлж түүнийхээ төлөө тэмцэж явдаг нь сонгогч олонд лавтай таалагдах байх. Нөгөө талаар тэр хоёр удаа сонгуульд өрсөлдөж чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн. Яахав, “С.Жавхлан дуучин болохоос улстөрч биш, боловсрол байхгүй, энэ тал дээр бэлтгэгдээгүй хүн учраас дуугаа дуулаад л явна биз” гэсэн хандлага нийгэмд байдаг. Уг нь өнөөдөр боловсрол гэж хөөрөхөөсөө илүүтэй хүн байхын төлөвшил энэ нийгэмд ихээхэн хэрэгтэй байгааг ч бид мэдэх болсон. Энэ утгаараа энэ тойргийн гол тулаан П.Анужин, С.Жавхлан хоёрын дунд өрнөх нь ойлгомжтой. Уг нь “ХҮН” гэх намын С.Боргилыг хүчтэй өрсөлдөгч хэмээн зарим нэгэн дуугарч байгаа ч судалгаанд С.Боргил байнга сүүл мушгиж байгааг бас дуулгасан юм.

 

     Ингэхээр Баянзүрх дүүгийн 54 дүгээр тойргийн сонгогчид улстөрийн тэтгэвэрт гарсан Д.Арвин гишүүнд саналаа өгөх үү, улстөрд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж болох П.Анужинд өгөх үү, эсвэл ард түмний хайртай дуучин С.Жавхланд  өгөх үү гэдгээ хэдийнээ шийдсэн биз ээ.