Чоно борооноор гэдэг шиг сонгууль дөхсөн энэ үед газрын дээрэм хийх гэж байна гэх гомдол мэдээлэл манай сайтад ирсэн юм. Тодруулбал “Зайсанд байдаг "Богд уул" сувиллын газрыг мөнгөтэй улсад эзэмшүүлэхээр Байгаль орчны сайд Н.Батцэрэг шийдчихсэн бололтой. Тэгээд өнөө мөнгөтэй улс нь сувиллын газрын газрыг булаахаар хүчтэй техник авч очоод сүрийг үзүүлж хүүхнүүд голдуу хэдэн эмч, сувилагч нь хүчин мөхөстөж хэнээс тусламж эрэхээ ч мэдэхээ болиод сэтгүүлчдэд хандмаар байна” хэмээсэн юм. Бид энэ асуудлаар тус сувилалын Эмчилгээ эрхэлсэн захирал А.Гармаагаас тодрууллаа.
-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР МАНАЙ СУВИЛАЛЫН ТАЛД ГАРСАН-
-Танай сувилалын эргэн тойронд хэзээ газар олгосон юм бэ?
-Манай сувилалын эргэн тойронд давхардуулсан газар олголт 2009 онд хийгдчихсэн юм. Ингээд 2010 оноос хойш манай сувилалынхан энэ асуудлаар шүүхээр яваад, гурван шатны шүүхээс хэргийг манай талд шийдвэрлэж, сувилалын эргэн тойронд газар олгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг тогтоосон байдаг. Улмаар газар олгогдсон компаниудын газар эзэмших зөвшөөрлийг цуцлуулах шийдвэр гаргасан. Ингээд Байгаль орчны яам, Тусгай хамгаалалттай Богдхан уулын захиргааг гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг Шүүхийн шийвэр гүйцэтгэх ерөнхий газраас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн.
-Тэгээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үг үү?
-Гэтэл Байгаль орчны яам, Тусгай хамгаалалттай Богдхан уулын захиргаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь бүү хэл нөгөө компаниудын нэрийг өөрчилж, дахин газар олгох шийдвэр гаргаж, газрын зөвшөөрлийг нь шинээр сунгасан байна. Ингээд үүнийх нь дагуу тус компаниуд газрын хэмжилт хийх гэж байна гэж өчигдөр баахан том биетэй залуучууд хөлсөлж авч ирээд манай сувилалын хашаа руу дайрсан замбараагүй үйл явдал боллоо. Манайх эмнэлгийн газар болохоор дан эмэгтэй голдуу эмч сувилагч, асрагч нартай. Аминдаа хашаагаа бэхлэсхийгээд л наагуур нь унаа тэргээ тавиад хамгаалах гэсэн. Гэтэл машин тэргийг маань өргөөд тавьчихаж байгаа юм. Бид тэр том бөхчүүдийг яаж дийлэх вэ дээ. Айдастай л ажиллацгааж байна. Бид энэ асуудлаар дахиад хэрэг үүсгүүлээд явж байна. Хэрэг нь шийдэгдээгүй, хуулийн байгууллага шалгаж байгаа үед ямарваа газарт хашаа хатгах гэх мэт асуудал байх ёсгүй гэсэн хуулийн заалт байдаг шүү дээ. Гэтэл ингэж увайгүй аашлан дайрч байгааг Байгаль орчны яам нэг талд хэтэрхий үйлчилж, энэ компаниудын эрх ашгийн төлөө ажиллаж байна гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.
-Өчигдөрийн болсон явдлын талаар Байгаль орчны яаманд мэдэгдсэн үү?
-Байгаль орчны яамнаас нь Тусгай хамгаалалттай Богдхан уулын захиргаа руугаа үүрэг чиглэл өгсөний дагуу өчигдөр энэ компаниуд хэмжилт хийхээр ирсэн байна лээ. Тусгай хамгаалалттай Богдхан уулын захиргааны хүмүүстэй нь өчигдөр очиж уулзахад “Байгаль орчны яамнаас, дээрээс ийм шийдвэр тушаал ирсэн болохоор бид яаж ч чадахгүй байна” гэсэн утгатай зүйл ярьж байна.
-Яг ямар компаниудад ямар зориулалтаар газар олгосон юм бол?
-Манай сувилалыг тойроод 6-7 компани, хувь хүнд газар олгосон байдаг. “Хар дун”, “Дун өргөө”, “Мил стар” гэх мэт. Өчигдөрийн хувьд энд газар авсан компаниуд бүгдээрээ нийлээд л хэмжилт хийлгэх гэж ирсэн гэж яриад байгаа. Олон нэртэй, олон компани мэт боловч ардаа нэг л хүн байгаад байх шиг байна.
Ц.ШИРЭНДЭВ: И.ЭРДЭНЭБААТАР, Г.ШИЙЛЭГДАМБА НАР САЙДААР
АЖИЛЛАЖ БАЙХДАА ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН
Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Байгаль орчны яамтны холбогдох хүнтэй утсаар холбогдсон ч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруул гэх хариулт өглөө. Үүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвээс дараах зүйлсийг тодрууллаа.
-Гурван шатны шүүхийн шийдвэр "Богд уул" сувиллын талд гарсан байхад эдгээр компаниудын газар эзэмших эрхийг яагаад цуцлахгүй байгаа юм бэ?
-Газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаалаар газрын алба баталгаажуулж гэрчилгээ буюу үнэт цаас олгосны дараачаар манай байгууллагатай гэрээ хийж хүчин төгөлдөр болдог зүйл. “Богд-Уул” сувиллын маргаантай газар дээр одоогоос долоон жилийн өмнө тав зургаан компанид зөвшөөрөл олгож, улмаар уг газар дээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулна гэх гэрээ хийсэн байдаг. Энэ газрын маргаан шүүхээр орж, шийдвэр нь нэг бол эмнэлгийн талд гарна. Дараагийн шатных нь шүүхийн шийдвэр нөгөө компаниудын талд гарсан гээд шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гаралгүй үргэлжилсээр байгаа юм. Энэ асуудлын талаар манай байгууллагаас хоёр сарын өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд мэдэгдэл хийж байсан.
- Шүүхээр эцэслэгдээгүй байгаа маргаантай асуудлын үед газрын зөвшөөрлийг нь сунгах эрхзүйн үндэс бий юу?
-Маргаан дагуулаад байгаа зөвшөөрлийн тухай асуудал одоогоос олон жилийн өмнө эхэлсэн. Н.Батцэрэг сайдаас өмнөх удирдлагуудын гаргасан шийдвэр юм. Өмнөх сайдын тушаал хүчин төгөлдөр үйлчилж байгаа үед бид үйл ажиллагаа явуулах эрхийг сунгах нь эрхзүйн үндэслэлтэй бөгөөд үүрэгтэй юм. Тодруулбал И.Эрдэнэбаатар, Г.Шийлэгдамба нар Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаандаа иргэн Г.Ганхуягт 1.4 га, А.Пүрэвнямд 1.5 га, О.Батболдод 0.5 га, Д.Дэжидлхамд 2.0 га, "Милстар" компанид 1.0 га газар гэх мэт аялал жуулчлалын зориулалтаар газрын зөвшөөрөл олгосон байдаг.
ЭХ СУРВАЛЖ: Medee.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна