Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийнхээ хоёрдугаар ангийг оффшор данстангуудын талаар хийхээр баримттай мэдээллийг олж авахаар АНУ-ын Вашингтон хот руу явах гэж байхад нь хилээр гарах эрхийг нь хязгаарлав. Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Харин ямар шалтгааны улмаас хилээр гарахыг нь хориглов, ямар хэрэгт сэжигтнээр татав гэдэг асуудлаар Л.Мөнхбаясгалан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Миний бие “Цензургүй яриа” нэвтрүүлэг, “Цензургүй сурвалжлага” эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэдэг. Энэ нэвтрүүлгийнхээ хүрээнд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхий нийтэд ил болгосон оффшор данстангуудын талаар баримттай хоёр анги нэвтрүүлэг хийж байгаа. Эхний ангийг нь гаргасан. Хоёрдахь ангиа хийхдээ АНУ-д Вашингтон хотод байдаг ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн юм. Тус хотод байгаа монголчуудаар дамжуулан энэ байгууллагатай холбоо тогтоож энэ сарын 26-нд очих ёстой байсан. Гадаад паспорт АНУ-ын арван жилийн визтэй. Үүнийнхээ хүрээнд Айр маркетаар үйлчлүүлээд нисэх тийзээ авчихсан байсан. Энэ сарын 26-ны 00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудлаас нисээд өнөөдөр Сөүлд очоод, 26-ныхаа 11 цагт Вашигтонд буух ёстой байлаа. Билетээ энэ сарын 24-ны өдөр авсан. Тэр өдрөөс хойш хүмүүс залгаж “Монголоос дүрвэх гэж байна уу. Гэр бүлээрээ явах гэж байгаа юмуу, яагаад явах гэж байгаа” гэж асуусан. Ингээд өчигдөр шөнийн нислэгтэй байхад орой 20 цаг өнгөрч байхад ЭЦГ-аас ахмад Баасанжав гэж дуудсан. Ажлын цаг дууссан байна дараа болохгүй юмуу гэж хэлэхэд “Таныг цагдаагийн байгууллага хуулийнхаа хүрээнд албадан авчрана”гэсэн. Тэгэхээр нь шууд очиход Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хилээр гарах эрхийг хааж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шууд байцаалт авна гэхээр нь би өгөөгүй. Яагаад гэвэл энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Энэ талаар мэдэхгүй гэж гарч ирсэн” гэлээ.
Мөн түүнчлэн ” Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг МИАТ дээр саатуулжээ” гэсэн худлаа ташаа мэдээлэл гадуур эрчимтэй тарж байна. Одоо намайг 100 сая төгрөгөөр гадаад явах гэж байсан гэх худлаа мэдээлэл тараад байна. Би 17 жил огт юу ч дуугараагүй. Миний гэр бүл намайг гүтгэж доромжилж ирсэн. Утсыг минь чагнадаг. Найз нөхөд танил талаар минь дарамтлуулдаг. Хүнтэй утсаар ярьсан яриа хоёр хоногийн дараа фэйсбүүкт тавигддаг. Би Монгол Улсын иргэнийхээ хувьд эрхээ хамгаалах цаг нь болсон юм байна. 20 жил сэтгүүлчээр ажилласан. Дандаа хүний эрх, эрх чөлөөний явсан. Улсад нэг ч өдөр ажиллаагүй. Нэг ч төгрөг улсаас хуурч мэхэлж аваагүй. Ийм учраас надад цаашдаа амьдрах ажиллах боломж олдохгүй байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж ирсний хувьд ихээхэн дарамтыг тэвчиж тэсэж ирсэн дээ. Өнөөдөр бол тэвчээр барагдлаа. Магадгүй үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байхыг үгүйсгэхгүй” гэв.
Ингээд сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултадаа хариулт авсан юм.
-Танд ямар хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм бэ?
-Эрүүгийн хуулийн 148,4-т зааснаар Онц аюултай гэмт хэрэгтэн зохион байгуулалтай бүлэг, бүлэглэн үйлдсэн. Түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг нь хурааж 10-15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа. Залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн зүйл заалт юм байна. Яагаад залилан хийчихвээ гэж асуугаад гараад ирэхэд та бүхэн сайн мэднэ. Аль нэг байгууллагатай зар суртчилгаа рекламны гэрээ хийдэг. 2013 онд МИАТ ТӨХК-тай хийсэн зар сурталчилгааны гэрээг гаргаж ирсэн. Онц их хэмжээний бүлэглэн үйлдсэн хэрэг гэж үзсэн. Иймэрхүү шалтгаанаар нисч чадсангүй ээ.
-Вашингтон хотод очиж яах гэж байсан юм бэ?
–ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элсэх, тэнд хамтран амьдрах гэрээ байгуулах, монголын панамын баримтууд болон нэр холбогдсон 49 хүний баримтыг эх хувиар нь авч олж ирэх хүсэлтээ тавьсан. Тэгээд нэвтрүүлгийнхээ хоёрдугаар ангийг хийх байсан юмаа. Оффшор данстай хүмүүсийн үнэн бодит мэдээлэл олон улсын хэмжээнд нэр устайгаа цацагдсан асуудлаар нь яагаад нэвтрүүлэг хийж болохгүй. Дахиад энэ хүмүүсийг юугаа хаана нуусныг олж авахаар баримтных нь төлөө явах гэж байгаа хүнийг саатуулж байгаа юм бэ.Хэвлэлийн эрх чөлөө байхгүй болсон юм байна. Уг нь гэрээгээ байгуулаад ирэх байсан. Монголын сэтгүүлчид дэлхийн сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломжийг хаасанд харамсч байна. Сошиал медагаар гүтгэлэгүүд гарч байна. Надад эх орноосоо зугтах ямар ч шалтгаан байхгүй шүү.
-“МИАТ”-ийн зар сурталчилгааны гэрээ хийсэн талаараа тодорхой мэдээлэл байгаа юу?
-2013 онд гэрээ байгуулсан гэдгээ өчигдөр цагдаагийн байгууллагаас харлаа. Өдөр тутмын 10 гаруй сонин, 40 гаруй телевизтэй тухайн үед 40 сая төгрөгийн гэрээ байгуулж тус компаний шинэ онгоцыг Монголд авчрах гэрээ байгуулсан. Энэ гэрээ гүйцэтгэлээрээ явсан. Мөрдөн байцаалтын нууц учраас тодорхой баримт хэлэх боломжгүй байна.
-Зар сурталчилгааг нь хариуцаж гэрээ байгуулсан юмуу?
-Бусад хэвлэл мэдээлэл дээр мэдээлэл гаргах буюу зөвлөгөө өгөх гэрээ байгуулсан.
-Таныг хилээр гарахыг хориглосон шалтгаан нь одоогоос хоёр жилийн өмнө ЗТЯ-наас 40, 48 сая төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр буюу нийт 88 сая төгрөг аваад зориулалтын бусаар зарцуулж ашигласан гэх хэрэгт буруутгаж шалгаж байгаа юм бишүү?
-Зам тээврийн яамтай гэрээ байгуулж мөнгө аваагүй. Энэ бол худлаа мэдээлэл. Хэрвээ намайг гүтгэсэн гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл гаргасан газруудыг шүүхэд өгөх болно. Хэрвээ надад залилуулсан хүн байвал гараад ирэх хэрэгтэй. Гэтэл өчигдөр орой ийм зүйл анги танилцуулж, үзүүлээд тулгаад хэрэг үүсгэсэн.
-Гэр бүлийнхээ хүнтэй АНУ-руу явах гэж байсан юм билээ. Хоёр хүний зардал 33 сая төгрөг болох юм билээ. Энэ мөнгөө хаанаас гаргасан бэ?
-АНУ-руу явахад визний асуудал хүндрэлтэй. Манай нөхөр, би, манай нэвтрүүлгийн гурван сэтгүүлч, 10 жилийн визтэй хоёр хүн явах гэж байсан юм. Надад Монголоос зугтах шалтгаан байхгүй, яасан гэж зугтах юм бэ. Хоёр нялх хүүхдээ үлдээчихээд явна гэж байхгүй. Энэ 33 сая төгрөг хаанаас гарч ирсэн тоо бэ. Бизнес ангилалаар хоёр хүн явах гэж байсан нь үнэн. Би “C1” телевизтэй гэрээтэй ажилладаг. Хоёр нэвтрүүлэг бэлтгэж өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг уг телевиз нийтдээ 15 сая төгрөгөөр худалдан авдаг. Сарын 15 сая төгрөгөөр амьдарч, нэвтрүүлгийнхээ бүх зардлыг өөрөө олдог. Гэтэл надад АНУ яваад ирэх зардал байна. Хэнээс санхүүжилт аваагүй. АН, МАН-ын оффшор данстай хүмүүсийн баримтыг олж ирэх гэж байгаа хүнийг хэн санхүүжүүлдэг юм бэ.
-Оффшортой холбоотой мэдээлэл авахаар явах гэж байна хэмээн саатуулсан гэж үзэж байна уу?
-Би бол тэгж бодож байна. Яагаад энэ хүмүүсийн нэрийг гаргаж болдоггүй юм бэ. Энэ нэвтрүүлгийг хийсэн өдрийн оройноос эхлээд доромжилж эхэлсэн. Харин ч оффшортой холбоотой мэдээллийг авчихсан байгаа. Удахгүй нэвтрүүлгээ гаргана. Илүү их баримтууд олж авсан.
-Таныг дарамталж байгаа хүмүүсийг нэр ус, баримттай нь олон нийтэд зарлачихаж болдоггүй юмуу?
-Баримтууд байгаа. Одоо хэрвээ энэ хэрэг даамжираад намайг хорьж цагдах юм бол би энэ бүгдийг илчилж гаргах болно. Сүүлийн хагас жилд дарамттай ажиллаж эхэлсэн. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрлээ. Иргэний эрхээ хасуулж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө боогдуулж байгаа учраас анх удаа хэвлэлийн хурал хийж байна.
-Та өмгөөлөгч авсан уу?
-Өмгөөлөгч авч амжаагүй байна. Өнөөдрийн дотор ав гэсэн, авахаар ярьж байна. Тийм учраас ямар нэгэн хэргийн талаар өөрөө байцаалт өгч болохгүй.
О.Сайхан
Zaluu.com
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна