НАМУУД НЭР ДЭВШИГЧДЭЭ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТОДРУУЛНА


Сонгуулийн тухай хуулийн 125.1-д “Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.” гэж зааснаар өнөөдрөөс намууд нэр дэвшигчдээ тодруулна. Хуулийн дагуу намуудаас нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эхэлж, 27-ны өдөр дуусах бөгөөд үүнээс 3 хоногийн дотор нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалыг Сонгуулийн төв байгууллагад хүлээлгэн өгөх журамтай. Тиймээс гол тоглогч хоёр намын хувьд энэ долоо хоногтоо багтаж сонгуульд өрсөлдөгчдөө тодруулах шийдвэрлэх долоо хоног юм. МАН Бага хурлаа энэ сарын 26-27-ны өдрүүдэд төлөвлөсөн бол МАХН-ын хувьд бага чуулганаа товлоогүй байна. Харин Ардчилсан нам ҮЗХ-гоо ирэх бямба гаригт хуралдуулахаар товложээ. Тус хурлаар ИЗНН, Эх орон, МҮАН зэрэг намуудад аль тойргийг өгөх эсэхийг шийдвэрлэх юм. Намын дарга З.Энхболдын хувьд оффшорт данстай гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс оффшор дансандаа сая доллараа мартдаг С.Баярцогт нарыг нэр дэвшүүлэхийг хурлаараа нухацтай ярилцахаар төлөвлөжээ.

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дуустал хүлээн авч, 6-р сарын 9-ний өдрөөс буюу пүрэв гаригт нэр дэвшигчдийн жагсаалттай СЕХ эцсийн байдлаар танилцаж 11-ний өдрөөс сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлэх юм.