Чадаж байгаа юманд арга байхгүй


Нээрээ л АПУ-гийн П.Батсайхан өөр рүү нь зүү шидсэн улс руу ингэж хэлээд зөрүүлээд тэвнэ шиддэг биз. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн дүү П.Батсайхан бизнес, улс төрийн хүрээнд ахаасаа дутахгүй нэр нөлөөтэй. “MCS”-ийн Оджаргал, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил хоёртой үй зайгүй найзууд гэх нь бий.
Гаваагийн Батхүүгийн төрсөн дүү П.Батсайхан “АПУ” компаниа авч явж, П.Бат-Эрдэнэ “Шунхлай”-гаа удирдаж, ганц охин дүү П.Батчимэг НИТХ-д бат суурьтай болоод авсан. Эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал хангалттай байгаа, биенээ дэмжихдээ гарамгай “эвтэй дөрвөн амьтан” шиг ах дүү дөрөвт атаархсан улс “Шүгдэн” шүтэж баяжсан гэж ярилцдаг ч үнэн худлааг нь хэн мэдлээ.
Юутай ч ах дүү дөрвөөсөө “АПУ”-гийн Батсайхан нь илүү тансаг хэрэглээтэй, ганган дэгжин гэгдэж гялгар сэтгүүлүүдийн нүүр хуудсыг байнга чимдэг. “АПУ”-гийн Батсайхан гэргий Алимаатайгаа хамт 10 гаруй мянган доллароор “холливуд смайл” хийлгэж, шүдээ өнгөлүүлжээ гэхчлэн бичдэг. П.Батсайхан гоо сайхандаа чамгүй анхаардаг эр болохоо харуулж, нүдэндээ давхраа оёулчихсан тормолзож явсан. Мобикомын хамгийн анхны хэрэглэгч “АПУ” Батсайханы гэр бүл “LV” энэ тэр гээд Монголд эл дол болчихсон брэндийг тоодоггүй, ховор цор ганц тансаг эд, эдлэлийг эрхэмлэдэг гэдэг.
Э.Нашка