НӨАТ-ын сугалааны супер азтан урьдаас төлөвлөгдсөн байдаг уу


Төр нь иргэнээ хулхиддаг бүр ял тулгадаг тогтолцоо манай нийгэмд ил цагаандаа гарчээ. Тодруулбал НӨАТ-ын 400 сая төгрөг хожсоноо баталгаажуулан ГТЕГ-т хандсан иргэн А.Цэенпилийг цагдаагийн байгууллагаас хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй хэмээн байцаалт авч эхэлсэн гэнэ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар иргэн. А.Цэенпил eagle.mn сайтад тодруулга өгчээ.
Тэрбээр "Өнөөдөр намайг ГТЕГ-аас сугалааны баримттай холбоотойгоор ирж уулзана уу гэсэн. Би тэнд эгчтэйгээ очсон. Гэтэл хоёр цагдаа намайг Эрүүгийн цагдаагийн газар руу дагуулаад явсан. “Танаас тодруулах зүйл байна” хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст аваачин байцаалт авсан. Тэгэхдээ хоёр танихгүй хүний нэр хэлээд “Эдгээр хүмүүстэй ямар холбоотой вэ” хэмээн тулгаад таныг 2.5 жил хорино гэсэн. Өмнө нь ГТЕГ-аас надад хэлж мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хурал зарлаж “Намайг хуурамчаар баримт үйлдсэн” хэмээн олон нийтэд зарласан. Азтан боллоо хэмээн баярлаж байсан намайг хуурамч баримт үйлдсэн болгож олон нийтийн өмнө нэр төрийг минь гутаасан.
Одоо бүр шийтгэнэ гэж байна. Надад үнэхээр хэцүү байна. Уг нь би энэ тохирлыг үнэн зөв явагддаг хэмээн итгэж байсан. Супер сугалааны баримт гэх дөрвөлжин цааснаас болоод амьдрал маань сүйрлийн ирмэгт ирчихлээ" гэжээ. Энэ байдлаас харахад НӨАТ-ын сугалаа гэх сүржин нэртэй зүйлийн супер азтан нь урьдаас төлөвлөгдсөн байдаг уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Иргэдийнхээ сэтгэл зүйгээр “нааддаг”, энэ мэт шударга бус төрийн тогтолцооноос хэзээ ангижрахыг хэн мэдэх вэ, та минь ээ.
Э.Нашка