
УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахаас урьтаж, батлах ёстой хуулийн нэг нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай төсөл хэмээн олон нийт хүлээж байна. УИХ энэхүү хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд хэлэлцэн гишүүдийн 83.3 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн ч дараагийн шатны хэлэлцүүлэг нь хийгдэхгүй удааширч буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан уг төсөлд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох тухай зохицуулалт туссан юм. Ингэхдээ УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх тухай заалт тусаад байгаа. Үүнд УИХ-ын гишүүнд ямар байр суурь баримталж байгааг энэ удаагийн VS буландаа онцоллоо.
Д.СУМЪЯАБАЗАР: ХАРИУЦЛАГЫГ УИХ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ ЁСТОЙ
Зарчмын хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Ардчилсан нийгмээр 26 жил төрөө засаж, улс орныхоо хөгжлийг ахисан төвшинд гаргахаар хичээгээд явж байгаа ч зарим нэг зүйлийг бодмоор байгаа юм. Жирийн иргэд дээр хариуцлага яриад байдаг, тэгэхээр хариуцлагын асуудлыг УИХ өөрөөсөө эхлэх ёстой. Ард иргэд монгол төрдөө итгэх итгэл буурсны цаад шалтгаан нь Монгол төр хэлсэндээ хүрдэггүй, цэгцгүй, бодлого нь савладаг, хяналтгүй гээд олон зүйл бий.
1992 онд шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 520 гаруй хууль баталлаа гэж ярьдаг. Гэтэл хууль тогтоогчид нь хуулиа хэрэгжүүлдэг үү гэдгийг бодох ёстой, ярилцах ёстой. Ялангуяа хариуцлагын асуудал нь хуулийн хэрэгжилттэй шууд холбоотой. Хуулиа хэрэгжүүлдэггүй орны төр мөхдөг. Дэлхийд ийм гашуун түүхүүд бий. Хууль хэнээс эхэлж хэрэгжихгүй болдог вэ гэхээр мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хэрэгжихээ больдог. Цаашлаад дунд албан тушаалтнуудад халдаж, төр нь сөнөх аюултай тулгардаг. Хүчтэй төртэй байя гэвэл батлагдсан хууль дүрмээ мөрдүүлэхийг бүх шатандаа шахаж ажиллах ёстой. Хариуцлагаас айх шаардлагагүй. Зохих журмынх нь дагуу ганц нэг зохицуулах зүйл байвал зохицуулаад хариуцлагын хуульд төрийн өндөр албан тушаалтан нь зайлшгүй захирагдах ёстой. Гадаад руу бид бүгдээрээ явдаг. Хатуу хууль дүрмийг нь мөрдөөд яваад ирдэг. Эх орондоо ирэхээр дүрэм журмаа биелүүлэхгүй болдог. Бид л хариуцлагатай болохгүй бол Монгол төр цаашдаа юу болох вэ, үүнийг бид ярих цаг нь болсон.
Х.ТЭМҮҮЖИН: ЭНЭ ХҮНИЙГ ТАТЪЯ ГЭДЭГ БАЙДЛААР ЯВБАЛ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
Өнөөдөр парламентаас сонгогддог албан тушаалтнуудын хариуцлагын асуудал маш сул байгаа. Тэр сул байдлыг сайжруулах зорилготой хууль нь энэ юм. Бусад орон шиг хариуцлага тооцдог процедурыг хуульчлахгүйгээр энэ хууль тунхаг шинжтэй болно. Олон нийтийн төлөөлөл болсон УИХ томилсон албан тушаалтнаа эргүүлэн татахдаа хуралдаж, сонсгол хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, нийтэд ил тодоор явдаг. Үүнийг хуульчлахгүй бол ерөнхий шинжтэй болно.
Хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал нь сонгогдсон УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал. Манай улс импратив мандаттай. Импратив мандатгүй улс дэлхийд цөөхөн. Энэ хүн ажиллаж чадахгүй байгаа учраас төлөөнийх нь хүнийг оруулж ирлээ гээд хариуцлага тооцож болно. Тэрнээс биш энэ хүнийг татъя гэдэг байдлаар явбал улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж, урт хугацаанд тууштай хэрэгжих бодлого тасалдана. Энэ хэсгийг бодох ёстой.
О.БААСАНХҮҮ: СОНГОСОН ХҮНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГИШҮҮНИЙГ ТАТАЖ БОЛОХГҮЙ
Сонгогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох асуудалд болгоомжтой хандах ёстой. Яагаад гэвэл хүн нэг л удаа сонголтоо хийж байгаа. Сонгосон хүний зөвшөөрөлгүйгээр яаж тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох юм. Ёс зүйн болон хариуцлагын сахилга байж болно. Тэрнээс биш УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж болохгүй. Татах эсэхийг нь ард түмэн УИХ-ын сонгуулиар шийднэ. Харин томилогдсон хүнд бол томилсон байгууллага нь хяналттай, хариуцлагатай хандах ёстой.
С.ДЭМБЭРЭЛ: ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
Энэ хуулийг дэмжиж байгаа, УИХ-ын 76 гэмт хэрэгтэн, 76 мангар гэж ярьдаг. Гэхдээ ард түмнээс сонгогдоод хууль батлах гээд сууж байгаа хүмүүс шүү. Нэг хэсэг нь 76 гишүүнийг тусгай хамгаалалттай гэж ойлгодог, биш юм. Гэмт хэрэг хийсэн бол жирийн иргэний адил хариуцлагаа хүлээх л ёстой. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг баяртайгаар дэмжиж байна.
ЭХ СУРВАЛЖ; NEWS.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна