ШӨНӨӨР ХУЛГАЙЧ ШИГ ААШИЛДАГ ЖИ МОБАЙЛ


Өнгөрсөн шөнө 01:10 минутаас 02:30 минутын хооронд үндэсний оператор тодотголтой ЖиМобайл компани сүлжээгээ бүрэн зогсоож өөрсдийнх нь албан тоогоор ярьдаг 500,000 хэрэглэгчдээ хохироолоо. ЖиМобайл компаниас авсан тайлбараар бол энэ асуудал нь төлөвлөгөөт бус техник шинэчилэл засвар үйлчилгээ байсан гэх бөгөөд төлөвлөгөөт ажлыг бол хэрэглэгчид масс мессежээр мэдээлэлдэг гэж тайлбарлав.

 

ЖиМобайл компани нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээгээ зөрчиж өөрийн давуу байдалаа ашиглан олон зуун мянган хэрэглэгчээ хохироож байгаа энэ асуудал дээр өнөөх Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Мэргэжилийн хяналтын ерөнхий газар гэх мэт сүржин нэртэй лаг дарга нартай байгууллага нүдэн балай чих нь дүлий суусаар байх уу?

 

Хөдөө орон нутагт сүлжээ нь илүү тархасан энэ компаний ийм бүдүүлэг буруугаас болж цас зудтай байгаа одоо үед замд боогдсон жолооч, малд яваа малчин, түргэний эмчээ хүлээсэн өвчтөн, аврал эрсэн өөр хэн нэг нь холбоо барьж чадалгүй эндсэн бол хэн хариуцлага хүлээх бэ? Хэрэглэгчээсээ ч уучилалт гуйж болдоггүй компани уу? Шөнийн цагаар бол гэрээ зөрчих эрх энэ компанид байдаг юм уу? Дарга нараа гар утасыг өнөөдөр хүн ард чинь өдөр шөнөгүй л хэрэглэж байна. Энэ мэт бусармаг асуудалаас болж аврал эрж сүлжээгүй утасаа оролдсоор хэн нэг нь эндэж асуудал үүссэн хойно нь дарга та сэрж гэгээрэх гээд байна уу?

 

Б.БАТ