МАХН-гүй Засаг


Засгийн нэг бүрэлдэхүүн болох “Шударга ёс” эвлээс Г.Уянга, Л.Цог нар гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар Монгол Ардын намд, Н.Батцэрэг, М.Сономпил нар  УИХ дахь Ардчилсан намын бүлэгт элссэнээр тус бүлэг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн дөрвөн хүнтэй үлдсэн нь бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон билээ.

 

Засаг барилцаж буй нэг субьект нь  бүлэггүй болсон нь Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж чадах уу гэсэн асуултыг үлдээж буй бөгөөд үүнд  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өгсөн товчхон хариулт нь  “Шударга ёс бүлэг задарсан ч эвсэл задраагүй” гэх үг.

 

“Шударга ёс” бүлгээр дамжуулан хувийн улс төр хийж, хууль тогтоох төрийн дээд байгууллагад нөлөөлөх гэсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү хязгаарлагдахтай зэрэгцээд, түүний намыг гудамжинд “хөөж” гаргах тухай яриа улс төрийн хүрээнээс дэгдэх болсныг хов жив төдийгөөр өнгөцхөн дүгнэж боломгүй.

 

Учир нь, Ардчилсан намын дарга З.Энхболд МҮАН-аас тус намын бүлэгт элсээд удаагүй байгаа М.Сономпилыг хүлээн авч уулзахдаа  Батлах хамгаалах яамыг санал болгосон гэх яриа саарал ордны шинэ мэдээ байв. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан нам засгаас МАХН-ын сайдуудыг явуулахаар болсон гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд өдөлж эхэллээ.

 

Санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа “бор шувуу”-нд итгэхэд хэцүү ч хэрэв Ардчилсан нам засгаас МАХН-ыг хөөлөө гэхэд алдах юм үгүй. АН-ын 35 кноп дээр МҮАН-ын хоёр, ИЗНН-ын хоёрыг нэмбэл УИХ-д ердийн олонх болно гэсэн үг. Нөгөө талаар  үлдэж байгаа 45 хоногт Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудлыг хөндөж, саналаа алдахыг МАН хүсэхгүй нь лав. Харин бүлгийн дарга болоод тав хоногийн дараа бүлэггүй хоцорсон О.Баасанхүүд ийм  нэг гомдол байхыг үгүйсгэхгүй.

 

Гэхдээ хожих юмгүй, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гэхэд нийлбэр дүн нь ижилхэн гарах асуудалд улс төр хийх нь утгагүй гэдгийг МАН ч, МАХН ч мэдэж байгаа биз. Харин Ардчилсан намын хувьд дангаараа засаг барьж сонгуульд оролцлоо гэхэд үүнийг бас л буруутгах аргагүй тактик.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилох асуудлыг ярилцсан бөгөөд Засгийн газрын саналыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон.

 

Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан он цагаас эхэлж тоолбол Ч.Сайханбилэгийн танхим  зургаан сар “онгорхой шүдтэй”, Ц.Оюунбаатар гурван давхар дээлтэй халууцаж яваа юм.

 

МАХН-ын зүгээс “Засгаас сайн дураараа гарахгүй, харин хөөж болно. Хөөсөн үед чинь хоргодоод байхгүй” хэмээн гэдийж буй ч үнэндээ бүлгээр дамжуулан хийдэг тэдний “шантааж” үгүй болсон гэдгийг мэдэрч байгаа байх. Ямар ч байсан намын даргадаа “үйлчлэх” тогтоолын төслийг Ц.Оюунбаатар Ц.Нямдоржийн хэлсэнчлэн халааснаас гаргаж, дэмжүүлэх боломжгүй болсон юм. Хэрэв МАХН хазгай л гишгэвэл сайдууд нь Ардчилсан намын гэрээс хөөгдөх дээрээ тулж магадгүй юм. Өмнө нь 26 кноптой МАН-ын зургаан гишүүнийг Ардчилсан намынхан урьж оруулчихаад хөөгөөд гаргачихсан гашуун сургамж байна. Тэгвэл УИХ-д дөрөвхөн кноптой үлдсэн МАХН-ын  гурван сайдыг хөөхөд Ардчилсан нам төвөгтэй биш. Гэхдээ МАХН-ын сайдуудыг хөөхөөр болсон гэдэг яриа бол Ардын нам болон Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс шидэж байгаа албажаагүй яриа гэдгийг онцлох нь зөв болов уу.  Учир нь Ардчилсан намд 45 хоногийн настай сайдын суудалд санаархаж, намтартаа сайд гэдэг үгийг нэмэх гэсэн хүмүүс мэр сэр байгаа гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнээс сонсогдож буй юм. Ямартай ч, харин ИЗЗН-ыг засагт орно гэсэн “мессеж”-эд тус намын хоёр гишүүн “Үгүй” гэдэг хариултыг өгч байна.

 

Үнэндээ МАХН гарлаа ч, байлаа ч Ардчилсан намыг “айлгах” үе нь ард хоцорсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ч тохиолдолд унахгүй.