Ким Чен Ун: Дэлхийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө ажиллана


 -СЭТГҮҮЛЧДИЙГ ХУРАЛДААНЫ ТАНХИМД ОРУУЛСАНГҮЙ- 

Гучин зургаан жилийн дараа буюу энэ сарын 6-ны өдөр Пёнгянг хотноо БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн намын 7-р Их Хурал нээгдсэн билээ. Тус хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг Орос, Хятад, АНУ, Япон, Испани, Франц, тэргүүтэй орны 180 гаруй сэтгүүлчид өгсөн. Гэвч хурал хаалттай горимоор явагдаж, сэтгүүлчдийг хурлын танхимд оруулахгүй байгаагаас тус хурлаар ямар асуудлууд хэлэлцэн шийдвэрлэж буй нь тодорхой бус байгаа юм. Энэ талаар ТАСС агентлаг уламжлав.

 

 

БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн нам нь хамгийн сүүлд 1980 онд буюу 36 жилийн өмнө 6-р Их Хурлаа хуралдуулжээ. Тухайн үед гадаадын 118 орны сэтгүүлчдийг урьж, хурлын үйл ажиллагааг шууд сурвалжлах эрх олгон, мэдээ мэдээлэл бэлтгэх боломжоор хангаж байсан аж.

Гадны хэвлэлүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анх удаа цөмийн зэвсгээс ангид байх боломжтой тухай мэдэгдсэнийг онцолж байна. Тодруулбал, тэрээр 2012 онд удирдагч болсноосоо хойш анх удаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай дурдлаа.

 

“KCNA” агентлагийн мэдээллэснээр, Ким Чен Ун “Дайсагнасан, цөмийн зэвсэгтэй бусад орнууд БНАСАУ-ын эрхийг зөрчихгүй бол бид цөмийн зэвсэгтэй орны үүрэг хариуцлагыг хүлээж, ийм төрлийн зэвсэг ашиглахгүй” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Мөн тэрээр “Бид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх болно. Дэлхийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө Хойд Солонгос ажиллана” гэж мэдэгджээ.

 

 

Ким Чен Ун Хойд болон Өмнөд Солонгосын харилцаатай холбогдуулан холбооны системийн дагуу нэгдэхийг уриалсан байна. Энэ санаачлагыг түүний өвөө Ким Ир Сен өмнөх чуулганы үеэр гаргаж байжээ.

Тэрээр “Япон улс Солонгос иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө уучлалт гуйх ёстой бөгөөд бидний нэгдэх үйл явцад Япон хөндлөнгөөс саад учруулах ёсгүй гэж мэдэгджээ. Тэрбээр Хойд Солонгосын тусгай ажилтнууд япончуудыг хулгайлсан тухай асуудлыг огт дурдаагүй байна.

БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн намын 7-р их хуралд нийт 3400 гаруй төлөөлөгч оролцож, хуралдаан хэд хоногийн турш үргэлжилж болзошгүйг эх сурвалжид мэдээллэжээ.

Шинжээчид "Ким Чен Ун зэвсэгт хүчний эрх мэдлийг бууруулж, эрх баригч намын нөлөөллийг нэмэгдүүлснээр өөрийнхөө засаглалыг батжуулах зорилготой байна" гэж дүгнэжээ. Энэ онд хэд хэдэн зэвсгийн туршилт хийсэнтэй холбоотойгоор цөмийн хөтөлбөр, зэвсэгт хүчний шинэ бодлогоо танилцуулсан бололтой.

 

 

Донгү их сургуулийн судлаачид энэ онд БНАСАУ тав дахь цөмийн туршилтаа хийж, АНУ-ын ээлжит Ерөнхийлөгч сонгогдохоос өмнө цөмийн зэвсэгтэй орны статусаа батжуулах сонирхолтой байна гэж дүгнэсэн байна. Хэрэв цөмийн зэвсэг эзэмшиж чадвал хэлэлцээрийн давуу тал бий болж, бүсийн бусад оронтой шинэчилсэн хэлэлцээр байгуулахад хүрэх юм гэжээ.

Өмнө нь БНАСАУ-ын үндэсний телевизээр тус улсын удирдагч Ким Чен Ун "Хөдөлмөрчдийн Намын их хурлаар хувьсгалын ялалтыг авчрах төлөвлөгөөний үндсийг тавина" хэмээн мэдээллэж байв.