Ц.Ганхуяг: Гарын үсэг андуурч зурсан


Улсын дээд шүүхэд бүртгэлтэй зарим намууд энэ сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн. Харин ИЗНН-ынхан сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч СЕХ-ннос тус намыг бүтгэхээс татгалзжээ.

 

С.Оюун: Ардчилсан намыг дэмжвэл квот авна

 

Тэгвэл ИЗНН-ын гурван даргын нэг болох С.Оюун Ардчилсан намыг дэмжиж ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр “Ардчилсан намынхан сонгуульд дэмжиж ажиллаач гэж санал тавьсан. Харин бидний зүгээс УИХ-ын сонгуульд таван хүн, НИТХ-д гурван хүн нэр дэвшүүлэх квот олговол Ардчилсан намыг  дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Уг асуудал хэрхэн шийдэгдэх нь  Ардчилсан намын ҮЗХ-аар тодорхой болох байх” гэсэн юм.

 

Гэтэл дөрөвдүгээр сарын 29-ны өдөр ИЗНН-ынхан сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн. Энэ үйлдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан. Гэвч СЕХ-ноос тус намыг сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан. Татгалзах болсон шалтгаанаа тус намын хүргүүлсэн бичиг баримт, гарын үсэг зөрчилтэй байсан учраас ийм шийдвэр гаргасан гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна.

 

Ч.Содномцэрэн: ИЗНН бичиг баримтын зөрчилтэй байсан

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: “ИЗНН-аас ирүүлсэн бичиг баримт учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. Гэтэл түүний зурах хэсэгт өөр хүний гарын үсэг байсан. Энэ асуудалтай холбогдуулж С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Зурсан дарга нь Улсын Дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй нь тогтоогдсон учраас бүртгэхээс татгалзсан” гэлээ.

 

Ц.Ганхуяг: С.Оюун даргын гарын үсэг зурах хэсэгт андуурч зурсан

 

Ийнхүү гурван даргатай ИЗНН-ыг сонгуулиас гадна үлдээж, 11 нам, гурван эвсэлд батламж гардуулсны дараа тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй зарим гишүүд хэвлэлийн хурал хийж СЕХ-г шүүхэд өгнө хэмээн мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлын үеэр ИЗНН-ын дарга Ц.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.  

 

-Танай намынхан сонгуульд оролцоно гэдэг шийдвэрээ эцэслэж гаргасан уу? С.Оюун дарга болон бусад гишүүд арай өөр саналтай байсан.

 

-Ардчилсан намын санал бодитой эсэх дээр эргэлзэж байна. Тиймээс С.Оюун гишүүний ярьсан зүйл бол эцсийн шийдвэр биш. Манай намын Үндэсний хорооны эцсийн шийдвэр бол сонгуульд дангаараа орно гэдэг дээр тогтоод байсан.

 

-С.Оюун гишүүний гарын үсэг зурах хэсэг дээр танай намын Улстөрийн зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа өөрийн гарын үсгээ зурсан байна. Үүнээс гадна зарим нэг бичиг баримт дээр С.Оюун гишүүний гарын үсэг байхгүй байсан учраас сонгуульд нэр дэвшүүлэх эрх олгоогүй гэж СЕХ-ноос мэдэгдсэн. Энэ үнэн үү?

 

-Үнэн. С.Оюун даргын гарын үсэг зурах хэсэг дээр манай нэг тэргүүлэгч андуураад гарын үсгээ зурчихсан юм. Гэхдээ өөрийнхөө нэрийг бичсэн. Түүнээс биш С.Оюун гэдэг ч юм уу С.Оюуныг төлөөлж зураагүй. Үүнийг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж би бодохгүй байна.  Тиймээс парламентад суудалтай намыг сонгуульд оролцуулахгүй байх үндэслэл болохгүй болов уу. Манай намын үндэсний хорооны 100 гаруй гишүүдийн гаргасан шийдвэрийг албажуулаад явуулж байхад СЕХ хөнгөн хандаж болохгүй гэлээ.

Ийнхүү ИЗНН-ын хоёр дарга өөр байр суурьтай байгаа юм. Гэвч эцсийн шийдвэр гарч ИЗНН сонгуульд оролцох эрхээ хасуулж, энэ жилийн сонгуульд 11 нам, гурван эвсэл өрсөлдөхөөр болжээ.