1072 хувьцааны асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Admin
14 цаг 34 минутын өмнө

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг худалдан авч байна гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж эхэлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Одоо ч хувьцаагаа бэлэн мөнгөөр солих хүсэлтэй иргэд урт цагааныг тойрсон хэвээр байгаа.

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаа худалдсан, худалдан авсан гэх энэ хэргийг ямар зорилготой болохыг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Хэн буруутай болох нь одоогоор тогтоогдоогүй учир эрүү үүсгээгүй, хэргийг нягтлах, холбогдох этгээдийг тогтоох зэргээр хойшлуулшгүй ажиллаж байна гэсэн тайлбарыг мөрдөн байцаагч Д.Дугарсүрэн өглөө. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг байцаах ажиллагаа үргэлжилж буй юм.

 

Мөрдөн байцаалтын явцад "Стандарт Инвестмент" болон "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал нар нь 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны "Новел Инвестмент" ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос  хууль  журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

 

Мөн "Стандарт Инвестмент" ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт "Монгол Тайванийн төв"-ийн байранд "Новел Инвестмент" ХХК нь иргэдийн хувьцааны данс нээх ажлыг эрхэлж байжээ. СЗХ-ноос эрх олгосон 60 гаруй байгууллагын тоонд "Новел Инвестмент" ХХК багтаагүй байсан аж. Өмнө нь  Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг тайлбарласан. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болбол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломжгүй юм байна.Энэ асуудлын хүрээнд өнөөдөр 11:00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоот мэдээллийн танхимд Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийх аж.