Сонгууль ойртох тусам улс төрийн нөхцөл байдал улам л сонирхол татаж байна. Өчигдөр МАХН-аас мэдээлэл хийж сонгуульд дангаараа оролцохоор болсноо мэдэгдсэн. Үүнээс гадна намын дарга Н.Энхбаяр өөрийгөө ялгүй учир ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлав. МАН тэргүүтэй намуудтай эвсэх гэсэн боловч чадсангүй гэж үнэнээ ч өчлөө.
Тэгвэл яг үүнтэй зэрэгцэн ойрын өдрүүдэд хэвлэлээр МАХН-ын лидерүүд болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва намаасаа гарч МАН-д элсэх талаар шуугиж эхэллээ. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь Үндсэн Хууль зөрчсөн гэх шийдвэрийг Цэцээс гаргаснаас хойш “УИХ уг дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж ил далдаар зарлаж” явсан хамгийн идэвхитэй гишүүдийн нэг бол Д.Тэрбишдагва гишүүн. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг асуудлаас болж тэрбээр намынхан болон намын дарга Н.Энхбаяртайгаа таарамж муутай байгаа гэнэ. Учир нь Н.Энхбаярт болон түүний талынханд намын жагсаалт буюу листийг байхгүй болох нь хүндээр туссан нь үнэн. Өнгөрсөн 2012 оных шиг УИХ-д Н.Энхбаярын далбаан дор зарим нэг нөхдүүд орж ирэх боломжгүй. Тиймээс Цэцийн шийдвэрийг хамгийн их эсэргүүцэж яваа нь Н.Энхбаяр ба түүний нөхөд. Гэвч энэ үзэл сурталаас нь “урваж” намын жагсаалтыг байхгүй болох ёстой, хуулиа дагах нь зөв гэж уриалж яваа Д.Тэрбишдагва гишүүнийг ийнхүү нэг нүдээрээ ч үзэхгүй байх нь аргагүй л дээ. Болохгүй болоод л Д.Тэрбишдагва гишүүн намайг үг хэлүүлэхгүй байна, эвслээс гарна гэж хашгирч байх вэ дээ. Ер нь хуулиа л биелүүлье гэж байгаа бус уу.
Харин Ч.Улаан гишүүнийг яагаад “адлах” болов. Магадгүй МАН-тай эвсэх ажлын хэсгийг ахалсантай нь холбоотой байж болох юм. Гэвч Ч.Улаан ямар ч ахицгүй байсан “мөрөөдлийг” нь хангалттай урагшлуулж чадсан шүү дээ. Өөрөөр хэлбэл МАН-д МАХН-ыг хүлээн зөвшөөрүүлсэн. Харин Н.Энхбаяр л өөрөө шуналтаж яваад байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон. Эвсэх асуудлыг хэлэлцээд зөвшөөрсөн шийд бараг гарахын даваан дээр тэрбээр өөрөө “илүү харж, билүү долоож” АН-ынханаар нууц тогтоолын төслийг батлуулах яваад өвдөг шороодсон. АН-ынхан хэзээ ч Н.Энхбаярт найр тавихгүй. Үеийн үед л түүнийг хулхидсаар ирсэн шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд л Шадар сайд болгоно гэж Ерөнхий сайд хэдэн сарын турш “чулуу хөөлгөж” өөрийгөө хамгаалуулж байгаад хаячихсан. Энэ бүгдийг ухаарахгүй явсан нь түүний буруу болохоос Ч.Улааны буруу биш л байлтай.
Ер нь Н.Энхбаярыг дордож, доройтож явахад Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёроос өөр хэн хажууд нь байсан юм. Санах л хэрэгтэй. “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн. Би сийлсэн” гэдэг шиг ээг насаараа шахуу зүтгэж ирсэн намдаа багтаж шингэхээ байхад нь түүнийг хэн хамгаалж байсан тэр хоёр л хамгаалж байсан. Сүүлд нь нам байгуулж гараад шорон орон болж явахад нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр л хамгийн түрүүнд түүн дээр гүйж очсон биз дээ. Ёстой л тэвдэж явахад нь тэмээгээр ч, тэвнээр ч туслаж явсан хоёрхон хүн бол энэ хоёр.
Гэтэл Н.Энхбаяраар өөдөө татуулж улс төрд орсон бараг бүх хүн л түүнээс зайгаа авсан шүү дээ. Цагтаа тэд нар түүнийг долоохоос наагуур л гүйж явсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад намаасаа хөөгдөхөөс наагуур гарч явахад нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёроос өөр хэн ч түүнийг эргэж, тойрч байгаагүй. Тэр ч байтугай МАХН-ыг байгуулсан цагаас хойш түүнийг дагаж байсан эрхмүүд хүртэл зайгаа авч эхэлсэн байдаг. Харин энэ хоёр төдийгөө өдий хүртэл өөрсдийн нэр нүүрээ баран байж хамгаалсаар ирсэн.
Ийм байхад одоо буцаад жоохон сэхэхээрээ хаяагаа хадарч байгаа нь Н.Энхбаяр гэх улстөрчийн хувь араншин юмдаг уу даа. Ер нь Н.Энхбаярыг дагасан хүмүүс нэг бол түүнээс холддог, эсвэл “аавын хаалга” татдаг гэж үг үнэний ортой бололтой. Энэ маягаараа байвал тэр ганцаараа үлдэх вий дээ. Одоо өдөр шөнөгүй дагаж гүйлдэж, уйлж унжиж яваа “пацаан”-ууд нь хэр үнэнч байх юм бол доо.
Ч.Ган
Эх сурвалж: Zaluu.com
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ