УЕПГ: Б.Булганы эрхийг зөрчсөн зарим нэг асуудал гарсан


Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очсон ба ингэхдээ тус хорих ангид хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэсэн мэдээллийг түгээсэн.

 

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалд шалгалт хийсэн дүнгийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас тодрууллаа.

 

 

-УИХ-ын зарим гишүүд Б.Булганы хоригдож буй нөхцөл их хүнд, өрөөний гэрэл маш тод гэсэн мэдээлэл хийсэн?

 

-Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан"...Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байсан ба тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна.

 

-Бие засах хэсэг нь үүд хэсэгтэй байрласан нь эмэгтэй хүний эрхэд ноцтой халдаж байна гэж мэдээлсэн. Энэ талаар?

 

-Хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Булганы өрөө биш бусад 8 өрөөний бие засах хэсэг нь үүдэндээ байрлалтай байсан тул далдлах хаалт хийлгэлээ.

 

-Тэгвэл ном уншуулахгүй, өрөөний эсрэг талын цонхыг байнга хаалттай байлгаж байна гэсэн мэдээлэлд?

 

-Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа ба бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгасан гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээг авсан. Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулхаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүллээ.