Тавантолгойн хувьцаа Дарханы иргэдэд огт хамаагүй болсон уу


-ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭД ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ЭРХЭЭ Д.ХАЯНХЯРВАА ГИШҮҮНЭЭР ХААЛГАСАН УУ-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авсан хэрэгт сэжиглэн Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн хэрэгт сэжиглэн шалгаж байв.  Учир нь Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Ингэхдээ Сангийн сайдын албан тушаалаа ашиглаж 330 мянга биш, дараа олгох 340 мянган төгрөгтэй хамтатган хүн бүрт 670 мянган төгрөг олгосон хэрэгт буруутгагдан шалгаж эхэлсэн.

Харин жил гаруй үргэлжилсэн уг хэргийг прокурор хянаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн энэхүү хэргээс үүдэж Дархан-Уул аймгийн зарим иргэд Тавантолгойн хувьцаагаа эзэмшиж, ашиг хүртэх боломжгүй болсон талаар манай сайтад нэгэн иргэн хандсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 2012 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгийн иргэдийн саналыг татахын тулд хэрхэн мөнгө тараасан, энэхүү үйлдэл нь Тавантолгойн хувьцаа үнэд орох цагт тус аймгийн иргэдэд ямар хор, нөлөөтэй үзүүлэх талаар эргэн сануулъя.

-МАН-ЫНХАН ТАВАНТОЛГОЙГ БАРЬЦААЛЖ МӨНГӨ БОСГОСОН ТҮҮХ-

Тавантолгойн нүүрсийг борлуулах асуудал 2010 оноос буюу МАН засгийн эрх барих үеэс яригдаж эхэлсэн. Монголын нүүрсийг сонирхож байсан олон компани байсан ч МАН-ынхан БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой “Чалко” компанийг сонгож гэрээ байгуулсан. Дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 100-150 ам.доллар хүрч байхад “Чалко”-д 70 ам.доллараар худалдахаар гэрээ байгуулсан. Бүр нүүрсний үнэ унавал тонн нүүрсээ 50 ам.доллараар өгч байхаар таван жилийн хугацаатай гэрээ байгуулж хариуд нь 350 сая ам.долларын урьдчилгааг авсан юм. Ингээд хоёр жилийн турш 170 сая ам.доллартай тэнцэх нүүрсийг тонн тутмыг нь 65 ам.доллараар тооцоолон өгсөн байдаг. Нэг үгээр хэлбэл 21 сая тонн нүүрс хямд үнээр урд хөрш рүү экспортлосон баримт бий. АН Засгийн эрх авч “Эрдэнэс Тавантолгой”-н захирал солигдсоноор энэ бүхнийг мэдээлж МАН-ынхны алдаатай гэрээний төлбөрийг монголчууд Тавантолгойн нүүрсээрээ төлж байгаа нь ил болсон. “Эрдэнэс Тавантолгой” менежмент хийж олборлосон нүүрсээ үнэд хүргэж чадсанаар МАН-ынхны тавьсан өрийг багасгасан төдийгүй анх удаа ашигтай ажиллаж, сүүлийн жилүүдэд төрийн өмчийн компани хамгийн их нүүрс экспотолсон байдаг.

-БНХАУ-ЫН “ЧАЛКО” КОМПАНИАС АВСАН 350 САЯ.ДОЛЛАРЫГ ИРГЭДЭД ТАРААВ-

МАН-ынхан “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын 310 сая ам.долларыг 2012  оны сонгуулийн өмнө оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараасан нь инфляцийг өсгөж, үр ашиггүй зардал болж өнгөрсөн.

Тухайн үед Сангийн сайдаар Д.Хаянхярваа ажиллаж байв. 2012 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан А75/146 тоот тушаал гарсан байдаг. Уг тушаал нь “Хувьцааны төлбөр олгох  дараалал тогтоох тухай” гэсэн байв. Энэ тушаал гарсны маргааш нь  Сангийн яам  нийтдээ 1,5 тэрбум төгрөгийг ХААН банкан дахь  “Хүний хөгжил сан”-гийн данс руу шилжүүлжээ. Энэ мөнгө нь Тавантолгойн нүүрсийг БНХАУ-д зарах урьдчилгаанд авсан мөнгөнөөс “Хүний хөгжил сан”-гийн данс руу шилжүүлсэн нь тэр.

-САНГИЙН САЙД Д.ХАЯНХЯРВАА ДАРХАНЫ ИРГЭДЭД ХЭРХЭН МӨНГӨ ТАРААВ-

Сангийн сайдын хамтарсан А/75/146 тоот тушаалд:

1.Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өөрт ноогдох хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан иргэдийн 1.0 сая төгрөгийн хувьцааны төлбөрийг олгохдоо дараах зарчмыг баримтална.

А/ “Үндэсний статистикийн хорооны болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтран баталсан “Орлогыг орлуулан тооцох арга”-аар амьжиргааны түвшингээ үнэлүүлж өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшний үнэлгээ нь хүн амын хамгийн бага хэрэглээтэй 5 хувийн шугамаас доогуур байгаа өрхүүдээс сонгож, хувьцаагаа засгийн газарт худалдах хүсэлт гаргасан өрхийн тэргүүлэгчид олгоно. Хэрэв тухайн өрхийн тэргүүлэгч хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй бол хүнсний талон авахаар итгэмжлэгдсэн нэг гишүүнд олгоно”


Б/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд борлуулсан орлогын бүрдүүлэлтийг харгалзан эхний ээлжинд хүн ам ихээр төвлөрсөн Нийслэл хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Төв аймагт оршин сууж буй энэ тушаалын 1/а-д заасан өрхийн гишүүний хувьцааны төлбөрийг олгоно” гэжээ.

Ингээд хамгийн түрүүнд Д.Хаянхярваа өөрийн нэр дэвших тойрог болох Дархан-Уул аймагт Тавантолгойн хувьцааны мөнгийг тарааж эхэлсэн байдаг. Тодруулбал, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшихээр сурталчилгаагаа хийж байхдаа эхний ээлжинд олгох 330 мянган төгрөгийг дараагийн ээлжийнхтэй нь хамтатган 670 мянган төгрөгийг тараасан. Энэ мэтээр 110 сая төгрөгийг бэлнээр тараажээ. Өдгөө энэ мөнгийг авсан иргэд Тавантолгойн хувьцаа эзэмшиж ашиг хүртэх боломжгүй болж байгаа юм.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сүүлийн хорин жилд байгаагүйгээр унасанаас шалтгаалан Тавантолгойн хувьцааг иргэд ашиглаж эхлээгүй байгаа. Нүүрсний үнэ өсч Тавантолгой ашигтай ажиллаж эхэлбэл, Д.Хаянхярваа гишүүний тушаалаар хувьцааныхаа мөнгийг авсанаас бусад иргэд Тавантолгойн 1072 ширхэг хувьцааныхаа ашгийг хүртэж эхэлнэ. Сонгогчдын саналыг татахаар хувьцааг нь үнэлж, урьдчилж мөнгө өгсөн нь эцэстээ иргэдийг ийнхүү хохироход хүргэж буй юм.