УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хүссэнээр болов


МАН-ын бага хурал өнгөрсөн даваа гарагт товлосон цагаасаа хоцрон байж эхэлсэн. Учир нь Сонгуулийн хуулийн дагуу намууд энэ сарын 20-ны дотор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан юм. Энэ дагуу мөрийн хөтөлбөрөө батлах болон бусад дотоод асуудлаа шийдвэрлэхээр МАН-ын бага хурал хуралдсан.Намынхаа хуралд идэвхитэй оролцсон гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр.

 

Тэрээр намынхаа бага хурлын үеэр сэтгүүлчдэд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “МАН, МАХН-тай эвсэх нь гутамшиг” хэмээн онцолсон. Тодруулбал, тэрээр  “Улс төрийн намтай эвсэх шаардлагагүй гэж үзэж байна.

 

Ялангуяа МАХН-тай эвсэнэ гэдэг нь анхны уугуул нэрийг сэргээж, томоохон өөрчлөлтөөсөө ухарч байна гэсэн үг. Хувьсгалт гэдэг нэрнээс татгалзсан нь Монгол улсыг гадаадад зөв таниулж, хувьсгалт үзэл санаанаас татгалзсан гэдгээ дэлхий дахинд нотолсон томоохон түүхэн үйл явц байсан юм” гэлээ.  МАН хоёр хоног хуралдан МАХН-тай эвсэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.