-ТҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХҮСЭЛТ ЕРӨНХИЙ САЙДАД ИРЭЭГҮЙ ГЭВ-
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн гэх мэдээлэл гарч, олны анхаарлын төвд байна. Тодруулбал, Хууль зүйн сайд Дорлигжав Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь буулгах хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн хэмээн мэдээллэж буй юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхан дээрх мэдээллийг үгүйсгэж, "Ерөнхий сайдад ийм бичиг ирээгүй" гэв.
Гэвч зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар, Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэхүү албан бичгийг Ерөнхий сайдад хаяглан илгээсэн нь үнэн бололтой. Одоогоор ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг ямар учраас албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн талаар тодорхой мэдээлэл алга байна. Хэрэв Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг албан ёсоор тавьсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Засгийн газрын хуралдаанаас ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг албан тушаалаас нь чөлөөлж, Р.Чингисийг томилсон билээ. Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөнөөсөө хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, удалгүй Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байсан.
Тэртээ 2000-аад оны дунд үеэс хойш Цагдаагийн байгууллагад томоохон томилгоо хийх бүрт Р.Чингисийн нэр яригддаг байсан гэлцдэг. Учир нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргилын хуурай дүү гэдгээрээ Р.Чингис нь МСS-тэй холбоотой гэх мэдээлэл байдаг аж. Энэ утгаар түүний суудал ганхсан байхыг учир мэдэх хүмүүс үгүйсгэхгүй байна.
Үүнийг батлах мэт МоАХ-ны партизануудын шаардлага гэгчийг гардан авсан Хууль зүйн сайд Д.Дорлигжав“УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт сөрөг гарвал засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлнэ” хэмээн тохирсон тухай яриа Төрийн ордонд тарав. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Г.Уянга нар цагдаагийн удирдлагыг огцруулах агуулга бүхий шүүмжилсэн шаардлагыг албан бичгээр гаргасан билээ.
Р.Чингисийг огцруулах тухай асуудал яригдаж эхэлсний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин твиттер хуудастаа "Сонин юм ч их болох нь дээ. Авлига, албан тушаалын булхайтай тэмцэх үү " хэмээн жиргэжээ. Ямартаа ч ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн суудал ганхаад эхэлсэн нь тодорхой байна.
Medee.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа