Улстөрчид ”улаандаа” гарч эхэллээ


Улаанбурханы тархалт дээд цэгтээ хүрч, нийгэм даяар нэлээн шуугиан тарьж байна. Тэгвэл улаанбурханаас ч дутахааргүй шуугиулж байгаа сэдэв бол яах аргагүй улс төр. Удахгүй сонгууль болох гэж байгааг ч хэлэх үү, улс төрчид “улаандаа” гарч эхэллээ. Хонь чоно байсан нөхдүүд хоорондоо эвсэх тухай яригдаж, нэг намын дор нэгдэн нийлж явсан нөхдүүд салж сарних дээрээ тулж байна. Хөшигний ард улс төрийн тохироо явагдаж, нэгнийгээ тонгорч унагах тактик төлөвлөгөөгөө боловсруулах нь тэр.  Үзэл бодлоо юугаар ч солиход бэлэн гэдгээ гэрчилж, нэг намаас гарч, нөгөө намын дарга бологсод мэр сэр үзэгдэх болов.

 

“Амаа үдсэн” ҮЗХ


 

 

 

 

 

 

 

 

 

 

"Хэрэлдэж , зодолдож, хэн нэгэн рүүгээ оймс гутлаа шидэж, улс төрийн шинэхэн онигооны эзэд тодрох болов уу” хэмээн олон нийт АН-ын ҮЗХ-г хуралдахыг чих тавин хүлээж байсан нь нууц биш. Харин АН энэ удаад ажин түжин. Арга ч үгүй биз, сонгууль дөхсөн энэ үед хүссэн ч, эс хүссэн ч “амаа үдсэн” мэт дуугүй байх нь АН-д ашигтай.  Үгүй бол хэлсэн ярьсан үгэндээ ороогдож, хүн амьтны доог болчих нь хэмээн эмээж буй. За энэ ч яахав, зарчмын хувьд тохирсон АН-ын тактик. Харин ҮЗХ-ны талаар  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Л.Эрхэмбаяр “Манай нам дангаараа сонгуульд оролцохоор болсон. ҮЗХ-ны хурлаараа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярилаа. Мөн 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн-2020” хөтөлбөртөө зарим нэг засвар хийсэн” хэмээн ярив. Албан эх сурвалжийн мэдээлснээр АН-ын ҮЗХ ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжлэх аж.

Эдгээр өдрүүдэд АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаа суудалд нь жинхлэх үү, эсвэл явуулах уу гэдгээ шийдэхээс гадна намын даргаа мөн жинхэлнэ. Энэ талаар фракциудад ярилцах хэлэлцэх, тохиролцох асуудал чамгүй учраас энэ удаад хэлэлцэлгүй өнгөрсөн аж. Ийнхүү эрх баригч намын хувьд хоорондын тэмцлээ хойш нь тавьж, хамтдаа сонгуульд орох бэлтгэлээ базаах нь тодорхой болоод байна.

 

Ху намын хулхи зан

 

Нийлж амжаагүй байж салахаа зарладаг эвсэл бас байдаг л юм байна. Улс төрчдийн улаандаа гарсан үйлдлийн тод томруун жишээ бол МАХН, МАН хоёрын эвсэх тухай асуудал. Угшил нэгтэйгээ учирлаж, МАН-тай эвсэх улс төрийн сонголт хийсэн  МАХН юуны учир шийдвэрээсээ эргэж хургасныг хэвлэл мэдээлэл олон янзаар тайлбарлах. Гэвч, Н.Энхбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчид бол эцсийн дүндээ улс төрд “биеэ үнэлж” буй хүмүүс болох нь хийж буй үйлдэл, хэлж буй үгнээс илрээд ирэв.  МАХН-д хэн ашигтай, амьдралд нь хэрэг болох зүйл амална, түүнийг л дэмжих нь чухал болохоос үзэл баримтлал, үндсэн чиг баримжаа өчүүхэн ч хамаагүй. АН Н.Энхбаярыг ялаас мултрах хуулийг батлах санал тавих сургаар МАН-тай нэгдэхээ болих шийдвэрт хүрсэн гэх Н.Энхбаяр хэнбугайг ч хамаагүй хулхидаж мэдэхээ харуулж орхилоо. Хамгийн гол нь АН-аас нисгэсэн “бор шувууг” атгаад авсан Н.Энхбаярт МАН-тай нэгдэх нүүр одоо үгүй. Н.Энхбаярт тавьсан МАНАН-гийн санал нэгэнт шийдэгдээгүй байгаа учир сарниж орхих ч магадлал буй. Энэ бүхний эцэст Н.Энхбаяр нэгдэх нам ч үгүй, ялаас мултрах хууль ч үгүй үлдэж ч мэднэ. Үйл явдал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Хамгийн гол нь хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн үнэнийг ухаарч, хулхи зангаа Ху намынхан засахгүй л бол байдал бодсоноос чинь ч илүү хүндрэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

 

Яс махандаа шингэтэл ойлгов уу МАН-ынхаан!

 

МАХН-д араараа тавиулсан гэгдээд буй МАН-ынхан “Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” хэмээн намын бүлгийн даргаасаа эхлэн жиргэцгээж эхлэв. “Угшил нэгтэй намтай эвсэж нийлэх нь юу нь буруу гэж. Угаасаа бид ярьж тохирсон” хэмээн Н.Энхбаяраа сайхнаар ярьж явсан тэд өдрийн дотор өөр зүйл ярих болов. Улс төр, улс төрчид гэдэг ийм л улсууд болохыг ард түмэн минь сайн харж ав.

 

 

 Намаасаа гарч намын дарга бологсод

 

 

ХҮН-ын дарга болж багагүй шуугиан тариад байсан С.Ганбаатарын буухиаг УИХ-ын гишүүн Г.Уянга үргэлжлүүлээд буй. “Нам дампууруулдаг дарга нар” гэх нэр зүүгээд буй тэдний үргэлжлэл Женко Баттулга байх бололтой. Түүний талаар  “УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга АН-аас гарна, МоАХ-г нам болгоно, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намыг байгуулаад хадгалж байна, "Жудагт Монгол" хөдөлгөөнийг санхүүжүүлж байна” гэх мэт олон яриа улс төрийн хүрээнд байсан билээ.

 Тэгвэл энэ бүхэн үнэн байсан нь нотлогдож буй аж. 3-р сарын 30-нд "Жудагт Монгол" хөдөлгөөний жагсаалын үеэр түүнийг АН-аас гарч буйгаа зарлах гэж байсан ч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд утсаар ярьж, болиулсан гэдэг. Тусгаар Тогтнол, Эв нэгдлийн намын ээлжит бус их хурлын дараа тус намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нартай уулзжээ. Уулзалт 2 цаг орчим үргэлжилсэн бөгөөд орой 18.00 цагаас эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Х.Баттулга АН-аас гарах нь тодорхой болсон бөгөөд тун удахгүй үүнийгээ зарлаж, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намд элсэх ажээ. Энэ мэтчилэн сонгууль ойртох тусам улстөрчид улаандаа гарч эхлэх нь тодорхой болох шив.

 

С.Баяр

 

Эх сурвалж: Breakingnews.mn

Тохиролцсон асуудал
МАХН-аас МАН-д өнөөдөр энэ саналыг тавьжээ