Г.Уянгын нам сонгуульд ХҮН-тай хүч нэгтгэнэ


УИХ-ын гишүүн Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг найм хоногийн өмнөөс удирдах болсон билээ. Одоогоос жилийн өмнө байгуулагдсан тус намын нууц ноёнтноор Женко Х. Баттулга байгаа гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан.  Үнэхээр ч тус намын асуудал Х. Баттулга зэрэг хуучин намдаа багтаж шингэхээ больсон "томчуудын" зохион байгуулсан төсөл болох нь тодорхой байгаа юм.

 

Хамгийн сүүлийн үеийн баттай  эх сурвалжийн мэдээгээр УИХ-ын гишүүн  Г.Уянгыг "Тусгаар тогтнол, эв нэгдлийн” нам болон ХҮН-ын эвслийг удирдан сонгуульд орохоор болсон байна.Хэдийгээр дотоод зөрчилтэй байгаа ч улстөрийн шинэ хүчин болсон ХҮН нь сүүлийн үеийн  судалгаануудаар  жижиг намуудын хувьд хамгийн өндөр рейтинг бүхий үзүүлэлттэй гарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл судалгаагаар дөрөвдүгээрт буюу МАН, АН, МАХН-ын араас шил даран эрмэбэлэгдэж яваа юм.

 

Улмаар Х.Баттулга ХҮН-ын даргаар С.Боргилыг болгож, тус намын санхүүжилтийг хариуцах болно хэмээн намдаа хуваагдаад байгаа  С.Боргил, Т.Доржханд, Б.Найдалаа нартай уулзаж тохиролцоонд хүрчээ. С.Ганбаатарыг  ХҮН-ын даргаар хоёр ч удаа дээд шүүх дээр бүртгүүлж чадахгүй байснаас харахад энэ үйл явдал,  төлөвлөгөө нь аль эртнээс хэрэгжиж байсныг бэлхнээ харуулж буй юм. Улсын дээд шүүх түүний албан ёсны шийдвэрийг хэн нэгний ямар ч баримт бүрдэлгүй өргөдөлтэй тэнцүүлэн үзэж, "нэг намаас хоёр хүсэлтийг хангах боломжгүй" гэж тайлбарласан билээ.