Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 31 орны эрэгтэй 136, эмэгтэй 97, нийт 233 тамирчин хурд, хүчээ үзсэн.
Харин манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчинтай очиж, бүтэн багаараа Азийн аваргад оролцсон билээ. Тэгвэл энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль хүртлээ. Мөн зургаан тамирчин шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Түүхэндээ манайх Азийн аваргаас хамгийн ихдээ хоёр алтан медаль авч байсан. Тэгвэл энэ удаад амжилтаа эрс ахиулж, Олимпийн өмнө бэлтгэл сургуулилт үнэхээр сайн байгаагаа харуулж чадлаа.
18 тамирчин Ташкентад очсоноос 16 нь медалийн төлөө барилдана гэдэг бол нүд орой дээр гарам амжилт юм.
-100 кг-ын жинд Олимпийн аварга, Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр зодоглож, анх удаа тивийнхээ аваргад түрүүллээ.
Тэмцээний эхний өдөр манайхаас 66 кг-д өрсөлдсөн Д.Алтансүх, 57-д барилдсан Д.Сумъяа нар алтан медаль хүртэж, монголчууд гараагаа амжилттай тавьсан.
Тэгвэл хоёр дахь өдөр 81 кг-д өрсөлдсөн Н.Дагвасүрэн, -100 кг-д хүч үзсэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар төрийнхөө дууллыг дахин эгшиглүүлсэн юм. Д.Алтансүх Азийн аваргад үнэхээр босоо байж чадсан.
Тэрбээр хүчтэй өрсөлдөгч Казахстаны Жумаканов Елдосыг хэсгийн аваргын төлөө, нутаг нэрт Д.Төмөрхүлэгийг зооны аваргын төлөө ялсан. Улмаар финалд Ираны бөх Алирезаг буулгаж авснаар алтан медаль авлаа. Д.Сумъяа хагас шигшээд Японы Анзу Ямомотог буулгаж авснаар түрүүлэх замаа зассан.
Тэгвэл хэсгийн аваргын төлөө Киргизстаны Владимир Золоевыг ялсан бол мөнгөн медалын төлөөх барилдаанд Казахстаны Азиз Калкаманулиг хожсон. Харин финалд Либоны бөх Элиас Насифыг хожиж, Азийн аварга боллоо.
-100 кг-ын жинд Олимпийн аварга, Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр зодоглож, анх удаа тивийнхээ аваргад түрүүллээ. Манай бөх эхний тойрогтоо Гото Рю Тарог буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Пакистаны Шах Хуссайн Шахыг ялсан. Улмаар зооны аваргын төлөө Ираны Махжув Жавадыг ялсан бол финалд эзэн орны бөх Соёиб Курбоновыг ялж, Азийн аварга боллоо.
Тэгвэл нэг мөнгөн медалийг Дэлхийн аварга М.Уранцэцэг авлаа. 48 кг-д дэлхийд босоо байгаа манай бөх финалд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй тулсан ч юүко үнэлгээгээр ялагдлаа. Сүүлийн гурван удаа энэ хоёр бөх учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялж байгаа юм.
Дэлхийн аварга М.Уранцэцэг нутаг нэгт Г.Отгонцэцэгийг ялах тактикийг боловсруулахгүй бол Олимпийн наадамд аль ч шатанд хоорондоо таарч магадгүй. Хэрвээ манай бөх Олимпийн наадмаас медаль авна л гэж бодож байгаа түүнийг аргалах аргаа олох л хэрэгтэй байна. Дасгалжуулагчид нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа биз ээ.
Медалийн тоогоор Монголын баг тамирчид тэргүүлсэн юм.
Зургаан хүрэл медалийг манай шилдэг тамирчид хүртсэн. 60 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө Японы жүдоч Юүма Ошимад ялагдсан. Харин торгуулын тойрогт Солонгосын Ким Чан Ёныг буулгаж авсан бол хүрлийн төлөө Казахстаны алдарт бөх Рустам Ибраевыг өчих мэхээр цэвэр ялж, Азийн аваргаас анхны медалиа авлаа.
Тэгвэл хагас шигшээд нутаг нэгт Д.Алтансүхдээ ялагдсан Д.Төмөрхүлэг 66 кг-д хүрэл медаль хүртлээ. Манай бөх хүрлийн төлөө Хятадын бөх Ма Дун Бинийг ялсан юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-д манай хоёр бөх хүрлийн төлөө зодоглосон ч М.Бундмаа л өрсөлдөгчөө ялж, медалийн тавцанд зогслоо.
М.Бундмаагийн хувьд Солонгосын Ким Ми Риг ялж, Азийн аваргын хүрэл медал хүртлээ.Түүнээс гадна 63 кг-д зодоглосон Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар хоорондоо тулж, Ц.Цэрэннадмид ялснаар хүрэл медаль хүртлээ. Олимпийн эрхийн оноо цуглуулах даалгавартай яваа хүнд жингийн хоёр эмэгтэй тамирчин Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, оноо цуглуулж чадлаа.
Эмэгтэйчүүдээс -70 кг-д зодоглосон П.Лхамдэгд, +78 кг-д өрсөлдсөн О.Жавзмаа нар хүрэл медаль хүртлээ. Азийн хошой аварга П.Лхамдэгд Солонгосын бөх Пак Юүн Жинийг боох мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн. Харин О.Жавзмаа Тайландын Сатжадет Тонтаныг даралтаар цэвэр ялж, Монгол багийн зургаа дахь хүрэл медалийг авсан юм.
Ийнхүү манай тамирчид энэ удаагийн Азийн аваргаас дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл хүртэж, медалийн чанараар багийн дүнгээр Японы араас хоёрдугаарт жагссан. Японы тамирчид манайхтай адил дөрвөн алтан медаль хүртсэн ч мөнгөн медалийн тоогоор илүү гарсан учир багийн дүнгээр тэргүүллээ. Харин медалийн тоогоор Монголын баг тамирчид тэргүүлсэн юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ