Залуус сайн дураараа ХӨСҮТ-д хүүхдээ сахиж буй эцэг эхчүүдэд туслаж байна


Өчигдрөөс эхлэн ХӨСҮТ-ийн гадаа үр хүүхэд, ар гэрийнхнийгээ хүлээж байгаа иргэдэд хэсэг залуус нэгдэн хоол хийж, халуун цайгаар үйлчилжээ. “Монгол хүний төлөө хамтдаа” ТББ-ын залуус улаанбурхан өвчний улмаас биеийн байдал нь хүндэрч, сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй хүүхдүүдийн сахиуруудад ийн туслаж буй юм.

Тэдний хэлж байгаагаар “Халдвартын эмнэлэгийн гадаа машинтай нь машиндаа хоноод, машингүй нь эмнэлэгээс гаргаж өгсөн хоёр өрөөнд гудас хөнжилөө дөхүүлэн хоног төөрүүлж байна. Монголын ирээдүй маш хэцүү байдалтай байна. Энд хамгийн олон хоносон нь Зүүнхараа хотоос ирсэн залуу гэр бүл сар гаруй хугацааг өнгөрүүлж байгаа юм. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд их байгаа болохоор эргэлт маш тааруу байна. Иймд та бүхэн ширхэг живх ч хамаагүй аваад бидэнтэй нэгдээрэй” гэв.