МАХН-ынхан сурагчдад улс төрийн санал асуулга тарааж байна


МАХН-ын дарга Н.Энхбаяр солонгос руу явснаас хойш тус намыг бага ч болов хэл ам багатай амар жимэр байх боллоо хэмээн улстөрийн хүрээнийхэн хийгээд олон нийт үзэх болсон.

 

Учир нь намын дарга Н.Энхбаярыг монголд байх хугацаанд намынх нь хэд, хэдэн хүн шоронгийн хаалга татаж намдаа хэрүүл, талцлыг бий болгосноос өөр гавьтай ажил хийгдээгүй гэдгийг хүн бүхэн мэднэ.
Юутай ч солонгост байгаа “Том” ах харийн орноос намаа удирдаж, өрөвдүүлэх ээлжит тактикаа боловс­руулах үүргийг ойр тойрныхондоо өгсөн бололтой. Гэвч энэ удаагийн өрөвдүүлэх тактик нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа. Болсон явдлыг өгүүлэхэд, өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн 39 дүгээр дунд сургуульд МАХН-аас “Эрхээ хамгаалъя” гэх нэртэй судалгааны материалыг хүүхдүүдэд тараан, өгч эцэг, эхээрээ бөглүүлж ир гэсэн үүрэг даалгаврыг багш нар нь өгсөн тухай нэгэн ээж бидэнд мэдээллэсэн юм.

 

Улстөрийн явуургүй үйлдэлдээ хүүхдийг минь бүү оролцуулаач

 

Тэрбээр “МАХН-аас “Эрхээ хамгаалъя” нэртэй судалгааны асуулгыг нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийн багш нар зарим ангид тараасан байна. Үүнийг анги бүрт бус хэсэгчлэн тараасан. Жишээ нь манай хоёр хүүхэд тэнд сурдаг. Гэтэл дүүгийнх нь ангид өгөөд, ахынхад нь өгөөгүй байх жишээний.

 

Уг нь иймэрхүү судалгааг дунд сургуульд тарааж болохгүй л баймаар юм. Үнэхээр судалгаа явуулах гэж байгаа бол хороогоор дамжуулан албан ёсоор зохион байгуулж болно шүү дээ. Гэтэл учраа ч мэдэхгүй бага насны хүүхдээр дамжуулан эцэг, эх рүү нь заавал бөглүүлж ир гэсэн байхаар бид гайхна биз дээ. Та энэ бичгийг бөглөхгүй бол би хичээлдээ явахгүй, багш загнана гэж хүү маань хэлж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Аль нэг улс төрийн хүчний явуургүй үйлдэлдээ бага насны, учраа мэдэхгүй хүүхдүүдийг битгий татан оролцуулаач гэж хэлмээр байна” гэсэн юм.
Юутай ч энэхүү судалгааны талаар олон эцэг эх гайхаж байгаа тухай дээрх ээж хэлж байсан. МАХН сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчөөд барахгүй бага насны хүүхдүүдийг энэхүү улс төрийн бохир аргадаа татан оролцуулж хүүхдийн сурч боловсрох эрх зүйн орчинд нь ноцтой халдсан үйлдэл гэж үзэж болох юм. Ийн хэлэхийн учир нь тухайн хүүхдийн эцэг, эх энэхүү судалгааг бөглөхгүй гэсэн тохиолдолд хүүхэд багшаасаа айж сэтгэл зүйн дарамтад орж байна гэсэн үг. Ингээд бид уг судалгааг яг МАХН-аас тараасан эсэхийг нь бататгахын тулд тус намын эрх мэдэл бүхий хүмүүсээс асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй юм. Гэтэл тус намыг энэхүү судалгааг тараагаад зогсохгүй бүх дүүрэг рүү нийт 2000 ширхэгийг дүүргийн штаб руугаа явуулж тэдгээр нь дунд сургууль руу хүргэсэн гэх баттай мэдээллийг бид олж авсан юм.
Тэгвэл “Эрхээ хамгаалъя” судалгааг эцэг, эхчүүдэд тарааж бөглүүлснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнд ямар ашигтай юм бэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэд, хэдэн хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгах болсон. Тухайлбал, түүнийг солонгос улс руу явснаа 10-аад хоногийн дараа түүний хамгаалагчаар ажиллаж байгаа Т.Мөнхөө гэх залууг энэ сарын 1-ний өдөр гэрээс нь баривчилж, Төв аймгийн цагдан хорих төвд саатуулах болсон юм. Т.Мөнхөөг саатуулах гол шалтгаан нь намын дарга Н.Энхбаяртай нь холбоотой асуудал гэх юм билээ. Учир нь тэрбээр намын даргынхаа бие хамгаалагчаар есөн жил ажиллаж түүнтэй холбоотой нарийн ширийн бүх л зүйлийг мэдэх найдвартай хүн нь учраас түүнээс зарим зүйлийг тодруулж байцаалт авахаар ийнхүү цагдан хорьсон аж.

 

Ямартай ч хууль хяналтын байгууллагын энэхүү баривчилгаа нь цаад утгаараа Н.Энхбаяр даргыг солонгосоос ирүүлэхгүй байх арга хэмжээ ч байж магадгүй хэмээн намынх нь нөхөд хардаж буй гэнэ. Тэгвэл бие хамгаалагчийг нь баривчилсантай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ долоо хоногтоо багтаад эх орондоо ирэхээр болсон гэх сураг гарсан юм. Юутай ч хууль хяналтын байгууллагыг дийлэхээ больж ард түмнээсээ судалгаа авахаар зэхэж буй МАХН-ын “Эрхээ хамгаалъя” гэсэн эл судалгаанд юу гэж бичснийг сонирхоё.

 

Судалгааны бичигт “Та МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүйн тулд гадны гар хөл болсон, улс төр бизнесийн олигарх бүлэглэл, зүсэн бүрийн хуйвалдагчид, Сонгуулийн Ерөнхий хороо, АТГ зэрэг хууль хүчний байгууллагыг хууль бусаар ашиглаж, Монгол Улсын Үндсэн хулиар олгогдсон таны эвлэлдэн нэгдэх, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байгааг эсэргүүцэж байна” хэмээн дурдсан байв. Хамгийн хачирхалтай нь энэхүү судалгааг бөглөсөн эцэг эхчүүд өөрсдийн овог нэр, регистрийн дугаар, цахим хаяг, гэрийн хаяг гээд бүхий л зүйлийг тодорхой бичих ёстой аж. Хэрвээ иргэд энэхүү судалгааг бөглөлөө гэхэд магадгүй тэдний нэр ус нь удахгүй болох УИХ-ын сонгуульд хэн нэгэн эрх мэдэлтний өгөөш болж тэдгээр хүний нэр усыг хуурамчаар ашиглаж болзошгүй нөхцөл байдал үүсэх талтай.

 

“Бусдын сонгох эрхийг мөнгөөр худалдаж авч байгаатай ялгаагүй”

 

Бид энэхүү судалгааны талаар нэрээ гаргахыг хүсээгүй нэгэн хуульчаас асуухад “Хэрвээ МАХН-аас ийм судалгааг дунд сургуулиар тараалгаж эцэг эхчүүдээр бөглүүлэхээр өгсөн бол энэ нь хууль зөрчсөн асуудал болно. Угтаа бол аль намыг сонгох, ямар хүнийг сонгох вэ гэдэг нь тухайн хүний эрхийн асуудал шүү дээ.

 

Гэтэл бага насны хүүхдээр нь дамжуулж эцэг, эхчүүдэд ийм хуудас аваачиж өгчихөөд заавал бөглө хэмээн шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй үйлдэл. Харин та бүхэн энэ асуудал нь сонгуулийн тухай хуулийг хэр зөрчиж байна вэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос асуувал илүү үнэнд ойр тайлбар авах байх. Миний хувьд Монгол Улсын иргэн хүн, хуульч хүний өнцгөөс харахад бусдын сонгох эрхийг хууль бусаар мөнгөөр худалдаж авах гэсэн ородлого юм болов уу гэж харж байна. Ингэж хэлж байгаагийн цаад шалтгаан нь иргэн Н.Энхбаярыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүйн тулд хуулийнхан түүнд хүчээр хэрэг тулгаж байна уу үгүй юу гэдгийг жирийн иргэн бид шийдэж чадахгүй шүү дээ. Тиймээс л хууль хяналтынхнаас давсан шийдвэрийг иргэд гаргаж чадахгүй учраас уг судалгаа нь хууль зөрчсөн үйлдэл байна аа гэж хэлэх гээд байна. Эцэст нь хэлэхэд судалгааг авсан багш нар нь яагаад хүүхдүүдэд өгч явуулав, цаана нь ямар ашиг сонирхол байна вэ гэдэг нь өөрөө анхаарал татаж байна” гэв.

 

Ямартай ч өрөвдүүлэх тактикийг намынхаа гол зарчим уриа болгодог МАХН-ынхан УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө дунд сургуулийн хүүхдээр далимдуулан Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа боломжтой. Хамгийн харамсалтай нь бохир улс төрийн золиос болж буй бяцхан жаалууд судалгааны учрыг нь ч ололгүй эцэг, эхээ заавал бөглө хэмээн шаардаж буй нь энэхүү судалгааг бөглөснөөр МАХН-д хэр ач холбогдолтой, үүнийг тарааж байгаа багш бяцхан шавь нараа хэрхэн шантаажилж буй дүр зураг харагдаж буй юм. Ямартай ч энэхүү судалгааны хуудсыг харахад МАХН-ынхан сонгуулийн тухай хуулиа зөрчөөд зогсохгүй дунд сургуулийн бага насны хүүхдүүдийг бохир улс төрд татан оролцуулж, ашиглаж байна.

 

Эх сурвалж: