Хэвлэх үйлдвэрийн барилгыг буулгаж байна


АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг ирэх долоодугаар сарын 15, 16-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. тэгвэл зургаадугаар сараас өмнө хуучирч, муудсан барилгын балгасыг нурааж, газрыг нь тэгшилж янзлахаар болжээ.

 

 Нийслэл хотын төвд А зэрэглэлд байрлалтай, 2698 метр квадрат талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч газрыг худалдан авахаас татгалзсан. Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группийн захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжсэн байдаг. 

 

 “Таван богд” группийн зүгээс энэхүү хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа,  үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн аж. Мөн GALLERIA ULAANBAATAR төвдөө Улаанбаатар хотын музейг байрлуулах юм. Таван богд группийн зүгээс Төрийн ордныхоо зэргэлдээ Төрийн ордноосоо өндөр байшин босгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэрт хүрчээ. Харин шинээр баригдах төвд “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол ресторан, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн бутик дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах юм.