”НАРАНТУУЛ” ЗАХЫГ Ш.САЙХАНСАМБУУГИЙН ТӨРСӨН ДҮҮ ГАЛДААД БАЙНА УУ


Өнгөрсөн долоо хоногт "Нарантуул" олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт гал гарч их хэмжээний хохирол учраад байгаа. Галын шинжээчид гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Харин бөс барааны хэсгийн худалдаачид үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм.

Ш.Сайхансамбуу санаагаа чилээж сууна

 

Тус захын эзэн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу "Нарантуул" захад жилд бүр их хэмжээний гал гарч байгаа нь тохиолдлын бус, хэн нэгэн галдаад байгаа, хэн гэдгийг нь би мэднэ" хэмээн дээрх хэрэг гарсны маргааш өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Үнэхээр ч галын маргааш хэн нэгэн гал тавихыг оролдож байсан талаар гэрчүүд хэвлэл мэдээллээр ярьсан байдаг.

 

Ш.Сайхансамбуу гал тавьсан этгээдийг мэдсээр байж, чимээгүй яваад байгаа нь сонин. Зарим хүмүүс түүний захиалгаар галдан шатаах ажил хийгдсэн хэмээн дүгнэж буй юм. Гэвч энэ нь түүнд ямар ашигтай вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Мөн тэрбээр өдгөө өөрийн цахим хуудаснаа "Нарантуул захын задгай талбайд гал гарсан одоогоор хохирлын хэмжээ тогтоогдоогүй, цагдаагийн байгууллага шуурхай үзлэг шинжилгээ явуулж байгаа. Бидний зүгээс шалгалт дуусмагц захын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахаар төлөвлөгөө гаргаад байна.Нарантуул захын хамт олны төлөө санаа зовж байгаа та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн бичиж, санаагаа чилээж сууна.

 

Хэрэв өөрөө захиалгаар галдан шатаасан бол ийнхүү санааширч суухгүй байсан нь ойлгомжтой.

Ах нь "Нарантуул" захад гарсан галд төрсөн дүүгээ хардаж байгаа юу?

 

Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Ш.Сайхансамбуу гал тавьсан этгээдийн нэрийг хэлэхээс татгалзаж буй нь учиртай гэнэ. Тэрбээр дээрх галын хэрэгт өөрийн төрсөн дүү Ш.Батсамбуугаа сэжиглэж бололтой. Ингэж хардах болсон шалтаан нь Ш.Батсамбуу ахынхаа захын 16.1 хувийг булаацалдаж, багагүй маргаан дэгдээж шүүх шатны байгууллагад хэрэг нь хянагдаж буй юм. Хэдийгээр ах дүү хоёр уг асуудлыг олон нийтийн дунд ил гаргахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Хуулийн байгууллагад ажилладаг эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэг "гэр бүлийн маргаан" гэсэн ангилалд хянагдаж байгаа гэнэ.

 

Дүү Ш.Батсамбуугийн хувьд нь ахаасаа дутахгүй том компанитай дээр нь Завхан аймгийн уячдын холбооны тэргүүнээр ажилладаг. Жил бүрийн намар зөвхөн нутгийн уяачдын хүрээнд маш өндөр бай шагналтай морины уралдаан зохион байгуулдаг. Үүнийг нь Ш.Сайхансамбуу өөрийнхөө оронд дүүгээ нутагтаа нэр дэвшүүлэх гэж байна хэмээн хардаж байсан ч одоо өрнөөд байгаа маргаанаас үзэхэд ах дүү хоёр улстөрд байтугай бизнесд ч эвлэхээ больсон бололтой.

 

Болсон явдлыг эхнээс нь сөхөхөд “Нарантуул” ББХК буюу одоогийн “Нарантуул трейд” компанийг 1993 оны 9-р сарын 1-нд Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулж дараа оны 1-р сарын 5-нд улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Компаний бизнесийн гараа нь Дэнжийн мянга дах бараан захыг хувьчлан авсанаар эхэлж улмаар үндсэн үйл ажиллагаа нь болсон. Тухайн үед бараан зах нь хотын захиргааны мэдэлд байжээ. Ш.Сайхансамбуу анх захыг худалдан авч дараа нь Германаас хөрөнгө оруулалт олж өөд нь татсан гэж ярьдаг ч яг үнэндээ санааг нь дүү нь гаргажээ.

 

Ш.Батсамбуу бараан зах хувьчлагдах гэж байгааг мэдээд тендерт оролцохоор эхнэр болон найз А.Гэрэлбатын хамт баримт бичиг төслөө боловсруулж бэлджээ. Явцын дунд ах Ш.Сайхансамбуудаа санал тавьж тавьсанд гайхалтай нь ах нь эхнэрийн хамт эрс эсэргүүцэж байсан хэмээн Ш.Батсамбуу баталжээ. Гэсэн ч тэрээр сайн бас шаргуу ойлгуулж чадсаны хүчинд ах нь эхнэр Г.Оюунсогоогийн хамт захын хувьчлалд оролцохоор бол. Гэтэл ахин нэг үл ойлгогдох явдал болж дүүгийн компаний нэрээр бус харин Ш.Сайхансамбуугийн “Нарантуул” ББХК-ний нэрээр орохоор болж.

Ингээд 1995 оны 8-р сарын 21-нд хотын захиргаанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд хамгийн өндөр буюу 49 сая төгрөгөөр үнэ цохин авчээ. Тухайн үед Ш.Батсамбуу нь худалдан авсан нийт үнийн 7,9 сая төгрөгийг өгсөн хэмээн одоо ч зүтгэдэг. Гэтэл түүнд “1995-09-019, дуудлага худалдааны үнэ 2,300,00 төгрөг“, “1995-09-04, Нарантуул компаний хувьчлалын үнэ 1,600,00” гэсэн кассын орлогийн хоёр баримтаас өөр нотолгоо байдаггүй гэнэ.

Дээр нь байгаа баримтын үнэ нь нийлээд өөрөөсөө өгсөн гээд байгаа 7,9 саянд нь хүрдэггүй нь гачлантай. Энэ мөнгө нь захыг худалдан авсан 49 сая төгрөгний үнийн дүнгийн 16,1 хувь болдог агаад ийнхүү дүүгийн ахаасаа нэхдэг “Нарантуул трейд” компаний 16,1 хувийн маргааны эх үүсвэр тавигджээ.

 

Галын даллагатай "Нарантуул"

 

Монголчууд эрт дээр үеэс "галын дөл өөдөө" хэмээн ярьж ирсэн. Магадгүй уламжлалаа даган муу явдлыг сайн санаар бодож, сайхан үгээр цайруулж ирсэн нь энэ ажгуу. Гэвч олон улсын нэршилтэй худалдааны төвд сүүлийн гурван жил их хэмжээний гал гарлаа.

  • 2013 оны наймдугаар сарын 22-нд Нарантуул захын Хүнсний зах шатаж нэг хүн амь эрсдэж, олон зуун түрээслэгч эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байсан юм.
  • 2015 оны аравдугаар сарын 5-нд энэ захын нийтийн бие засах газарт гал гарч нэлээд хэмжээний эд зүйл шатаж байсан.
  • 2016 оны гуравдугаар сарын 3-ний шөнө захын бөс барааны хэсэгт гал гарсан. Гэрчүүдийн мэдээлж буйгаар гурван залуу тэсрэг бодис ашиглаж гал тавьсан гэдэг. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Ямартаа ч дээрх баримтууд үнэн бол, ах дүү амраг садан, гэр бүлийн маргааны улмаас жирийн иргэд, энгийн худалдаачид бизнесээрээ хохирох ёсгүй юм.