Хүчирхийлэгч Б.Ханбаатар гурван зүйл ангиар ял сонсоно


Бэлгийн дур тачаалаа барьж хүлж дийлэхээ больсон мунаг эрчүүд охид бүсгүйчүүдийг зэрлэгээр хүчирхийлээд хууль шүүхийн өмнө очихоороо гэм зэмгүй царайлан элдэв янзын тайлбар хийж суудаг болжээ. Тэдгээр бэлгийн гаж донтонуудын дотор төрийн албан хаагчид ч цөөнгүй. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь өнгөрсөн оны есдүгээр сард 27 настай “Б” гэдэг эмэгтэйг машиндаа хүчээр чирж суулгаад хөдөө хээр аваачин хүчиндэхдээ золтой л алчихаагүй, азаар амь үлдээсэн байлаа.

 

Тус сумын малын эмчээр ажиллаж байсан тэр эмэгтэй нь Б.Ханбаатарт хүчиндүүлснээсээ болоод их хэмжээний цус алдаж одоо болтол бие нь олигтой сайжрахгүй байгаа аж. Гэтэл зэрлэгээр хүчирхийлэгч Б.Ханбаатар нь “Би түүнд үнэн голоосоо хайртай байсан” гэж мөрдөн байцаалтын явцад хэргээ булзааруулахыг оролдсон байна. Харин түүнд хүчиндүүлсэн эмэгтэй нь “Б.Ханбаатар шал худлаа яриад байгаа юм. Тэр надад хайртай дуртайдаа сумынхаа Засаг даргын Тамгын газрын дарга Г.Ариунболд гэдэг өөрийн найз залуутай үгсэн хуйвалдаагүй. Мань хүн “Малын гоц халдварт өвчин гарсан байна. Чи надтай хамт Тусгалын задгайд намаржиж байгаа адуучин Н.Ганзоригийнд яаралтай очиж ёстой” хэмээн Г.Ариунболдоороо худлаа хэлүүлээд шөнө дөл болтол дагуулж явсан.

 

Тэгээд тэр намайг хүчиндэж бэлгийн дур хүсгээ ёс бусаар тайлах ганцхан зорилготой байсан нь хэнд ч тодорхой зүйл юм. Түүнд би маш их гомдолтой” хэмээн цагдаагийн ажилтнуудтай анх уулзахдаа илэн далангүй үнэнийг хэлсэн байлаа. Тиймээс ч энэхүү эхний мэдүүлгээсээ одоо болтол ухраагүй, Б.Ханбаатарын үйлдсэн хэргийн талаар нэгбүрчлэн тоочиж, ямар ч тэнэг хүн ойлгохоор, нүдэнд харагдтал яриад байгаа аж. Хэрвээ Г.Ариунболд нь Б.Ханбаатарын ятгалгаар зориуд худлаа хэлж түүнийг дуудан хамт авч яваагүй бол ийм хэрэг гарахгүй байжээ. Хохирогч эмэгтэй нь малын эмч хүнийхээ хувьд зайлшүй яаралтай хийх ажил гарлаа гэж бодоод сумынхаа хоёр даргын хэлснээр машинд нь сууж яваад адаг сүүлд нь бие эрхтэнээ гэмттэл хүчиндүүлж, намрын хүйтэн шөнө гадаа удаан хугацаагаар ухаангүй хэвтсэн болохоор голдоо ортол гомдох нь зүйн хэрэг юм. Энэ хэргийн гол гэрч болох адуучин Н.Ганзориг болон ойр хавийн хүмүүс тэр шөнө түүнийг замаас зайдуу газар ухаан мэдээгүй хэвтэж байхад нь олж аваагүй бол амиа ч алдаж мэдэхээр байжээ.

 

Гэтэл ийм аймшигтай хэрэгт анхнаасаа худал хэлж ирүүлсэн Г.Ариунболдынх нь гэмт үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болоод байгаа нь тун гайхалтай. Хохирогчийг зэрлэгээр хүчирхийлсэн Б.Ханбаатар нь Г.Ариунболдыгоо адуучнн Н.Ганзоригийн гэрт үлдээгээд өөрөө ганцаараа тэр эмэгтэйг авч яваад хээр аваачиж мунаглан тарчлаасан хэрэгт огт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүйг олон хүн гэрчилж байна. Хэргийн нөхцөл байдал ийм илэрхий байсаар байтал Г.Ариунболд нь саяхан “Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй болсон” гээд сумандаа давхиж очоод ажилдаа буцаж оржээ. Харин нутгийн иргэд үүнд нь бумхидаж “Б.Ханбаатарын хэрэг бүрэн шийдэгдтэл энэ хүн төрийн алба хаших ёсгүй” гэсэн шаардлага тавьсан байна. Нутгийн зон олон ингэж хууль хяналтынханд дуу хоолойгоо хүргэхээс өөр замгүй болсон байлаа. Тиймээс Г.Ариунболд нь сүүлдээ ичиж үхэхээ шахаад бушуухан сайн дураараа ажлаас гарсан нэр зүүгээд халагджээ.

 

Тэгвэл цагаан сарын дараахан “Ганц худаг”-т хоригдож байгаа Б.Ханбаатарын хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурор хянаад бусдын биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан хүч хэрэглэж хурьцал үйлдсэн, биед нь хүнд гэмтэл учруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан зэрэг эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар яллах дүгнэлт гарган шүүх рүү шилжүүлжээ. Удахгүй тэднийг хүссэн ч, эс хүссэн ч шүүн тасалж шорон руу нь явуулах юм байна. Гэхдээ Г.Ариунболдыг хэргийн гэрчээр шүүх хуралд оруулахыг хохирогчийн талынхан огт зөвшөөрөхгүй байгаа юм. Угаасаа мань эр Б.Ханбаатарынхаа хүчингийн хэрэг үйлдэх үндэс суурийг тавиад, айлд хамтдаа очиж архидаж, хуял тачаалыг нь дэвэргэсэн марзан үг яриа ярьж, өдөж хатгаагүй бол хохирогч эмэгтэй “Б” тийнхүү зэрлэгээр хүчиндүүлэхгүй байсан нь лавтай.