С.Жавхлан, Т.Баясгалан эргэн нэгдэж тоглолтоо хийнэ  


Нэг хэсэг нийтийн дууны хатан хаан гэгдэж байсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар дахин хамтарч эхэлжээ.Оюутны ширээнээс уран бүтээлийн гараагаа эхэлж, хамтарсан олон бүтээлээрээ хүмүүсийн хүндлэл талархалыг хүлээгээд байсан хоёр дуучин маань сүүлийн хэдэн жилийн туршид өөр өөрсдийн амьдралын замыг хөөн хамтарсан уран бүтээл хийгээгүй.

 

 Харин хайртай бас дууг сонсох дуртай сонсогч түмэн хоёр дуучнаа дахин хамтарч уран бүтээл хийгээсэй гэсэн хүлээлт байсныг нуухгүй. Тэгвэл тэр хоёр 11 жилийн дараа дахин хамтран өнгөрсөн цагаар сараар монгол түмэндээ шинэхэн клипээ дэлгэн мэндчилсэн нь ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Түүгээр ч барахгүй хоёр гавьяат маань хамтарсан тоглолт хийх талаараа ярилцаад амжсан байна шүү.

 

 Ийнхүү дуунд дуртай ард түмнийхээ магнайг тэнийлгэж мэлмийг баясгах сайхан тоглолт хийх нь тодорхой боллоо. Тодруулбал, тэд "Илгээлтийн эзэд" аяны хүрээнд эрхэм гавьяатууд хамтарсан тоглолтоо хийхээр болжээ.Тоглолт энэ сарын 14, 16, 19-нд Монгол Бөхийн өргөөнд болох юм байна. Тоглолтын тасалбарын нийт орлогийг хаваржилт хүндрээд байгаа аймгуудад хүргэх юм байна. Тоглолтын тасалбарын үнийг хараахан шийдэж амжаагүй байгааг МУГЖ С.Жавхлан хэлсэн юм.Тэрээр "Тоглолтын тасалбар 20-25 мянган төгрөгийн хооронд байх болов уу. Ирэх долоо хоногт шийдэгдэнэ. "Илгээлтийн эзэд" аяныг МУГЖ Т.Баясгалан бид хоёр санаачилж, Засгийн газар, БСШУЯ, Онцгой байдлын Ерөнхий газарт хандсан.

 

Эдгээр төрийн байгууллууд маань нааштай хүлээн авсан. Аяны хүрээнд БСШУЯ-наас "Нэг хүүхэд-Нэг нэмнээ", "Малчин оюутан" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн" хэмээн тодотгосон юм.Түүнчлэн, тоглолтын үеэр цэцэг, хадаг их цуглардаг. Бидэнд бэлэг өгөхийг хүссэн хүмүүс "Хадагны оронд нэмнээ, цэцэгний оронд нэг боодол өвс өгөөрэй" хэмээн уриалсан юм.