19 жилийн өмнө хүн хутгалж алсан алуурчин эмэгтэйг цагдаа нар гадаадаас эх орондоо ирэхэд нь баривчилжээ


Сүүлийн жилүүдэд эрүүгийн нөхцөл  байдал нэлээд хүндэрч, онц хэрцгийгээр хүний амь хөнөөх гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай болоод байгаа ажээ. Мөн хүний амийг бүрэлгэсэн зарим этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд хүндрэл учирч, хэргийн эзэд олдохгүй олон жил болсон байна.

 

Гэхдээ нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас шаргуу, тасралтгүй эрэн сурвалжилсны үр дүнд сураггүй алга болоод байсан гэмт этгээдийг мөрдөгчид нь саяхан  баривчлан саатуулжээ. 1997 онд тус дүүргийн нутаг дэвсгэрт “Э” гэдэг, тухайн үед гуч орчим настай байсан эрэгтэй цээжиндээ дөрвөн удаа хутгалуулж нас барсан байв. Хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад эхний үед гэмт этгээдийн талаар тодорхой мэдээлэл олдоогүй байсан байна.

 

Цагдаагийнхан хэргийн ул мөрийг мөшгөж явсаар нэлээд чухал сэжүүр олж аваад лавшруулан судалсны эцэст уг хэргийг Болороо хэмээн өөрийнхөө нэрийг өөрчлөөд явсан эмэгтэй үйлдсэн болохыг тогтоожээ. Энэ эмэгтэй нь хүний амь хороосноосоо  хойш өдий хүртэл голцуу гадаадад гарч амьдарч байсан байна.  Тэгээд энэ оны хоёрдугаар сарын 27-нд Буянт-Ухаа боомтоор эх орондоо эргэж ирэхэд нь баривчилж,  ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.  Алуурчин эмэгтэй дээрх хэргийг үйлдэх үедээ 22 настай байсан гэдэг. Түүнийг талийгаачтай чухам ямар холбоотой байсныг хууль хяналтын ажилтнууд одоогоор нууцалж байна.

 

Эх сурвалж: Шуурхай.мн