“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу нь галын улмаас хохирсон хохирлыг хариуцахгүй гэжээ


“Нарантуул” захын бөс барааны тасагт пүрэв гаригийн үүрээр гал гарч, түрээслэгчдэд багагүй хохирол учруулаад байна. Тус зах дөрөв дэх удаагаа гал өртөөд байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчилсан гэх мэдээлэл ч байгаа юм.

 

Гал чухам юунаас болж гарсныг хууль хяналтынхан эцэслэн тогтооно. Галын дүгнэлт одоогоор гараагүй байгаа ч санаатайгаар түймэр тавьсан байж болзошгүй гэсэн хардлага байгаа аж. Ингэж хардаж байгаа хүмүүсийн нэг бол “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу. Тэрбээр галыг санаатайгаар тавьсан хэмээн хардаж байгаагаа твиттер хуудсаараа жиргэн тэрч бүү хэл хэн шатаагаад байгааг мэднэ хэмээн ам алдаад байна.

 

Түрээслэгчдийн хохирлыг хэн барагдуулах вэ?

 

Түрээслэгчдийн хувьд тун төвөгтэй байдалд ороод байгаа аж. Учир нь тэднийг өөрсдөө гал тавьсан байж болзошгүй гэсэн хардлага зарим хүмүүст байгаа бол түрээслэгчдийн хувьд  хэн нэгэн зориудаар гал тавьсан байж болзошгшүй хэмээн мөн л сэрдэж байгаагаа ярьж буй.

 

Харин зах нь дөрөв дэх удаагаа галд өртөж, багагүй хохирол амсаад байгаа “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу энэ удаад галаас үүдэлтэй худалдаачдын хохирлыг барагдуулахгүй гэж утсаар мэдэгдэв. Тэрбээр нэг ч түрээслэгчтэй гэрээ хийгээгүй, өмнө нь хийж байгаа ч үгүй. Би үргэлж худалдаачдад бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан” гэлээ. Түүний хувьд өчигдөр маш их бухимдалтай байсан. Түүнийгээ ч нийгмийн сүлжээнд нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ. Тус захад гарсан дөрвөн удаагийн гал болгон үүрээр гардаг болохоор Ш.Сайхансамбуу түймрийг хэн нэгэн санаатай тавьсан, явуулга гэж үзэж байна. Өчигдрөөс эхлэн Ш.Сайхансамбуу БЗД-ийн Цагдаагийн I хэлтэст очиж, мэдүүлэг өгөх болжээ.

 

 10-40 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бараа шатжээ

 

“Нарантуул” захын задгай төмөр дээвэртэй гурван павиоланы хамгийн баруун тал буюу торго, бөс бараа зардаг талбайн хэсэгт гал гарчээ. Онцгой байдлаас өгсөн мэдээллээр нийт 5700 метр квадрат талбайтай тэрхүү хэсгийн лангууны 60 орчим хувь буюу 2500 гаруй метр квадрат талбай түймэрт өртсөн гэнэ. Шөнийн 03.39 цагт 101 утсанд ирсэн дуудлагын дагуу “Нарантуул” захад гарсан галыг унтраахаар 03.49 цагт нийслэлийн Онцгой байдлын гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн галын голомтод очсон байдаг.  Гал сөнөөгчдийг очиход “Нарантуул” захын торго, бөс барааны лангууны хэсэгт гарсан галын тархалт их, сүүдрэвч буюу дээвэр төмөр нь нуран орж ирсэн байдалтай байжээ. Галын тархалтыг зогсоохоор явсан гал сөнөөгчийн хамгаалалтын малгай  галын дөлд зууван болтол хайлсан гэх.  Энэ бол галын байдал ямар хүчтэй байсныг харуулсан явдал гэж нийслэлийн Онцгой байдлын газрын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар ярьж байна. Түрээслэгчдийн зүгээс торго, бөс бараа бол өндөр өртөгтэй. 10 метр даавуу гэхэд л 50-60 мянга, нэг боодол торго 300 орчим мянган төгрөг болдог. Ингээд бодохоор нэг лангуу, нэг түрээслэгч дор хаяж 10-100 орчим сая төгрөгийн бараатай, торго бөс барааны хэсэгт нийт 400 орчим худалдаачин наймаа эрхэлдэг байсан. Иймээс хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол 10-40 тэрбумаар яригдана хэмээн мэдээлж байгаа юм.  Гэвч, тэдний хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна. Түрээслэгчид ингээд хохироод үлдэх үү, эсвэл Ш.Сайхансамбуу хохирох уу? Энэ бүгдийн эцсийн дүгнэлтийн хууль, шүүхийнхэн гаргах биз.

 

Тусламж хүссэн галын дуудлагыг зах дотроос өгөөгүй

 

Албан бус мэдээллээр “Нарантуул” захад 5-6 хамгаалагч жижүүрлэн хонодог байна. Гэтэл тусламж хүсэж, гал гараад байнагэсэн дуудлагыг онцгой байдлын албанд зах дотроос өгөөгүй, захын урд замд зорчиж явсан жолооч, шатахуун түгээх станцын түгээгч өгсөн байжээ. “Нарантуул” захад ойролцоогоор 15 мянга орчим иргэн лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг.

Сүүлийн жилүүдэд яагаад гал түймэр худалдааны төвүүдийг тойрох болов гэдгийг зөвхөн Ш.Сайхансамбуу биш нийт худалдааны төв, захын жинхэнэ эзэд бодох цаг иржээ.

 

Баримт сөхвөл:

 

-2007 онд Бөмбөгөр худалдааны төв бүхэлдээ шатсан. Зөвхөн Бөмбөгөр худалдааны төвд гэхэд гурван удаа гал гарчээ.

-2013 оны наймдугаар сарын 22-нд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний зах бүхэлдээ шатаж, нэг эмэгтэй харамсалтайгаар амиа алдав.

-2013 оны 11 дүгээр сарын 10-нд Дэнжийн мянгад байрлах “Нарантуул 2” захад гал гарч, 20 гаруй лангуу шатсан байдаг.

-2014 оны тавдугаар сард “Нарантуул” олон улсын худалдааны төвд хоёр  контейнер шатжээ.
-2014 оны тавдугаар сард “Барс-2” худалдааны захад мөн л гал гарав.
-2015 оны 10 дугаар сард “Сандэй” худалдааны төвд гал гарч, B1 давхар нь бүхэлдээ шатсан.
-2015 оны 10 дугаар сард “Нарантуул” олон улсын худалдааны  төвийн нийтийн бие засах газарт гал гарсан. 

-2016 оны гуравдугаар сарын 03 өдөр буюу өчигдөр шөнө дахин “Нарантуул” захын баруун хэсэг буюу торго, бөс барааны хэсэгт гал түймэр гарлаа. Дээрх томоохон зах, худалдааны төвүүдээс гадна “Нарлаг”, “Анун” зэрэг худалдааны төвүүдэд гал гарч байжээ.