Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр МАН, МАХН хамтран зохион байгуулсан Эх орончдын өдрийн баярын арга хэмжээнд оролцсон билээ.
Үүнийх нь дараахан түүн рүү хуулийн байгууллагаас утсаар холбогдож, ирж мэдүүлэг,тайлбар өгөхийг хүссэн ч тэрээр очихгүй гэдгээ хэлсэн байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүргийн дагуу ЗГХЭГ АТГ-т МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх нь хуульд нийцэх эсэхийг лавласан албан бичиг хүргүүлсэн билээ. Үүний хариуд АТГ Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй, мөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдон, шалгагдаж байгаа төдийгүй ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8-р сард дуусна гэсэн юм.Тэгвэл үнэндээ МАХН-ын дарга Н.Энхбаяр нийт 3 хэрэгт шалгагдаж буй аж.
Тодруулбал интерполоор эрэн сурвалжлагдаж буй дүү Н.Энхтуяатай нь холбоотой хэрэгт сэжигтнээр, АНУ-ын иргэн А.Гинсбургийн байрыг залилсан хэрэгт сэжигтнээр, Эрүүл Мэнд, Спортын Сайд асан Г.Шийлэгдамбын авилгал авсан хэрэгт гэрчээр тус тус тооцогдсон байна. Хэрэв АТГ-т ирж мэдүүлэг өгвөл Г.Шийлэгдамбын гэх хэрэгт ч сэжигтнээр тооцох үндэслэл бий бололтой. Харин Н.Энхбаяр АТГ-ын удаа дараагийн ирж мэдүүлэг өгөх шаардлагыг нэг ч удаа биелүүлээгүй ажээ.