Түрээсийн орон сууцны журам батлагдаагүй гэнэ


Засгийн газрын тогтоолоор Төрийн орон сууцны корпораци нь Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн журмыг БХБС эцэслэн баталснаар хөтөлбөр хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар яамнаас журам батлагдаагүй гэнэ. Тиймээс уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх материал тодорхойгүй байгаа аж. Журам батлагдвал “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын холбогдох албан хаагчид иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэгдсэн байдлаар мэдээлэл хүргэх юм байна.

 

Тодруулбал, Засгийн газраас энэ жил нийт 1300 айлын орон сууцыг түрээслэх тогтоол гарсан. Үүнээс  манай байгууллага нийслэл хотод 350, хөдөө орон нутагт 579 нийт 929 айлын орон сууцыг түрээслэх юм байна.

 

Ингэснээр орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь бүрдээгүй, ипотекийн 8 хувийн зээлийн журмын аль нэг нөхцөлийг хангаагүй, зайлшгүй орон сууцанд амьдрах шаардлагатай иргэд уг хөтөлбөрт хамрагдана. Эдгээр иргэд орон сууцаа түрээслэнгээ өмчлөх боломжийг “Төрийн орон сууцны корпораци” судалж байгаа гэв.

 

Тогтоолын дагуу хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/, Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/ байхаар тусгасан. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн өөрчлөх юм байна.