Кёкүшюзаны “зартай” хөөрөг


Кёкүшюзан Д.Батбаяр жил бүрийн цагаан сараар үндэсний дээл хувцсаараа гоён Монгол бөхийн өргөөнөө цагаан сарын барилдааныг үзэж сонирхдог. Тэрээр энэ удаад ч Монгол бөхийн өргөөнд болсон битүүний барилдаан дээр ийнхүү хүрэлцэн ирж бөхчүүдээ дэргэдээс нь дэмжин суулаа. Түүний хувьд арлын Японд 14 жил сумогоор барилдан мэхний их дэлгүүр хэмээн өргөмжлөгдөж явсан.

 

Хүүхэд байхаасаа л хүний нутагт хүч үзэж явсан тэрээр үндэсний хувцсаа өмсөн гангарахыг олон жил мөрөөдсөн тухайгаа ярьсан байдаг. Тэр ч утгаараа үндэсний дээлээрээ гоёх дуртай гэсэн шүү. Мөн эр хүний чимэг болсон хэд хэдэн хөөрөгтэй бөгөөд тэр дундаас нь Д.Дагвадорж аваргын өгсөн их гарын шүрэн хөөргөөр сар шинээр тамхилдаг. Түүний энэхүү хөөргийг сонирхон үнэ хаялцах эрхмүүд олон  ч тэрээр аварга дүүгийнхээ өгсөн хөөргөөр өөрөө л гангарна хэмээн бардам хариулдаг гэсэн шүү.