Олны хайр хүндлэлийн хүлээсэн М.Мөнгөн арслан


Монгол улсын Арслан М.Мөнгөнг бөхийн хорхойтнууд андахгүй. 1982 оны үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль, 1986 онд хүрэл медаль авч байв. Мөн Монголын бүх ард түмний V, VI, VII, VIII спартикиадад оролцож байсан ба Монгол Улсын 1984, 1985 оны шилдэг бөхөөр шалгарч байв. Сар шинийн барилдаанд 1982, 1986 онд үзүүрлэж 1974, 1984, 1985, 1987, 1989 онуудад шөвгийн дөрөвт үлдэж байв. М.Мөнгөн арслан бөхийн сабо, жүдо барилдаанаар хичээллэж Германд болсон дэлхийн залуучууд, оюутны Х наадам, Польш улсад болсон олон улсын тэмцээнд жүдо бөхөөр оролцож байсан ба самбогоор олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальтай, спортын мастер бөх юм.

Тэрээр 1969 онд ХААДС-ийг ойн инженер мэргэжлээр төгсч, ШУА-ийн ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар олон жил ажиллажээ. Арслан ямар ч үед эрхэлсэн ажлынхаа зэрэгцээгээр бие бялдраа чийрэгжүүлж биеийн тамирын дасгалыг байнгын хэрэгцээ болгож чадсны дээр барилдаан бүхэнд тасралтгүй оролцдогоос эцэж цуцах, сульдах, гэмтэх явдал гардаггүй байлаа. М.Мөнгөн арслан барилдааныхаа дүнг жил сар, улирлаар нэгтгэн дүгнэж ялангуяа хэнд яаж унасан, давснаа нягтлан үзэж дахин түүнд унахгүй байх арга мэхээ сайтар боловсруулж чаддаг бөх байсан юм.

 

Бас 1990 онд Улаанбаатар хотод болсон 103 удаагийн барилдаанд хэрхэн оролцсон тухай болон бусад бөхчүүдийн барилдаанд хийсэн мэх зэргээ нэг бүрчлэн бүртгэж дүн шинжилгээ хийсэн байна. Энэ нь Мөнгөн арслангийн хэр зэрэг ажигч, гярхай, ухаалаг тооцоотой барилдаж байсныг харуулж байгаа юм. М.Мөнгөн арслан бол барилдахдаа барьцаа хангаж маш хянамгай мэхээ хийдэг хашир барилддаг бөхийн нэг. Тэрээр барилдах бөхийнхөө баруун талаар давуулан барьж гуядах, эс бол хутгах, этэх, мэхүүдийн хажуугаар хөл авах, цохих, өрсөлдөгч бөхийнхөө зүүн суган доогуур барьцаа ахиулан тэвэрч ард нь гарах, баруун хөлөөрөө зүүн хөлийн ард гишгэж түрж хөөх зэрэг мэхүүдийг даацтай хийдэг байлаа. М.Мөнгөн арслан архи, тамхи хэрэглэдэггүй, нэр төр, алдар гавяа, эд хөрөнгийн талаар хөөцөлддөггүй, маш даруу төлөв зан харьцаатай, сурч мэдэхийн төлөө биеэ цуцалтгүй дайчилдаг, монгол бөхийн барилдааны туршлага, арга барил мэхийг гойд сайн эзэмшсэн ухаалаг бөх юм.

 

Барилдахын зэрэгцээ оюун ухаанаа хөвчлөн бөхийн тухай хэд хэдэн ном зохиол бичсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн хүн, Монголын уран сайхны “Хэлтгий заяа” кино зохиолыг өөрөө бичиж гол дүрд нь тоглосон юм.