Г.Ундармаа УИХ-ийн эмэгтэй гишүүдийг ичээсээр


Жүжигчин И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдийг сургуультай болгож, жүжигчин Г.Ундармаа улсын гурван эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн санаачилга, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар тохижуулан хүлээлгэж өгсөн. Иймээс өнгөрсөн жил жүжигчин хоёр бүсгүй ийм ажил хийж байхад УИХ-ын эмэгтэй гишүүд юу хийсэн юм бэ хэмээн цахим ертөнцөөр хэсэгтээ шуугисан. Эцэст нь “бантсан” эмэгтэй гишүүд жүжигчин бүсгүйчүүдийг Төрийн ордонд урьж цэцэг гардуулаад талархал илэрхийлсэн. 

Тэдний энэ үйлдэл жүжигчин бүсгүйчүүд өөрсдөөс нь илүүтэйгээр нийгэмд тустай зүйл хийснийг хүлээн зөвшөөрсөн явдал байсан юм. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа дахиад эрхэм гишүүдийг ичээх бололтой. Тодруулбал Г.Ундармаа Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон байна. Тус амбулаториор СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28-р хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг аж.