Монголчууд бидний уламжлалт Цагаан сар айсуй… Өнө эртнээс Цагаан сар эхлэхэд хүн бүр, айл, өрх бүр элбэг дэлбэг, ахуй амьдрал, ажил үйлс, сэтгэл санаагаа хүртэл цагаан, цэвэр сайхан байлгахыг дор бүрдээ хичээж, бүхий л муу муухай, бохироосоо салахаар их цэвэрлэгээ хийдэг билээ. Энэ бол “Битүүний өдөр” айл бүр гэр орноо гаднаа бол өрхөөс нь эхэлж доош нь шүүрдэж, гөвж, дотроос нь тооно, цамхараа, чагтагнаасаа эхэлж тоос шороог нь доош буулган арчиж угааж цэвэрлэнэ. Тэгээд шинийн нэгний өглөө бүх зүйл нь цэвэр цэмцгэр өрх бүлээрээ цуглан золгодог билээ. Харин өнөөдөр бохирдсон “Улс төр”-өө цэвэрлэж авахыг хүн бүр л хүсч байгаа.
АН, МАН, МАХН гурвын мөнхийн тулаан өдөр бүр, цаг бүр, тэр битгий хэл секунд тутамд тасралтгүй үргэлжилж байдаг билээ. Тэд л сүүлийн 20 гаруй жил “Улс төр”-ийг бохирдуулсан нь үнэнтэй нийцнэ. Эдгээр гурван нам хэмээх бүлэг хүмүүс эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй, нууцаар шүдээ ч хүртэл зэвсэглэж аваад хор найруулж бохироо хийнэ. Үүний тулд гүтгэлэг, сүрдүүлэг, дарамт, шахалт, зохиомол хэрэг, хэлмэгдүүлэлт ер нь ямар муу болон муйхар арга, чарга байна бүгдийг л хэрэглэхийг хичээнэ. Мэдээж орчин үеийн дайн бол хэн хов жив, хорон санаа, бохир ажиллагааг нууцын, нууц байдалд хийж чадна, тэр ялж эрх мэдлийг гартаа атгаж эрээ цээргүй аашилна. Төдөлгүй ялагдсан нь өшөө авах бодлоосоо салж чадахгүй эргэцэж бүр ч нарийн хор базна.
Тэгвэл “Би өшөөгөө Монгол Улсаа хөгжүүлж авна, ном бичиж авна…” гэж ярьдаг МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болбол “Битүүний их цэвэрлэгээ” яаж хийх бол.!!! Тэрбээр өнгөрсөн баасан гарагт телевизийн нэвтрүүлэгт орохдоо Шадар сайдад зүтгэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Н.Энхбаяр: “Та өөрөө ажил битгий гол гэдэг. Одоо та Шадар сайдын ажлыг голох хэрэггүй гэж намынхан шахсан. Би тэгье ээ гэсэн” гэв.
Мэдээж туг ч барьсан, тугалыг нь ч хариулсан туршлагатай хүний хувьд өнөөдөр хор нь гарахгүй ч гэсэн хосолсон нүүдлүүдээ хийж эхэлнэ. Түүний нүдэнд өртөж хормойд нь шургах, хамгийн түрүүн баяр хүргэж гарыг нь атгахын төлөө бүгд ханцуй шамлан уралдаж бяцхан хүлээн авалт зохион байгуулж хундага тулгана. Дараа нь тойрон хүрээлэгчид буюу багаа бүрдүүлхээр өрх гэрээ дээрээс нь биш бүр доороос нь хаяа хатавчнаас нь цэвэрлэж эхэлнэ. Цэвэрлэгч, үйлчлэгчид гээд мэргэжилтэй, мэргэжилгүй үл хамааран, албан хаагч, тасаг, салбар бүрийн хурган дарга нар гэхчлэн ах дүү хамаатан садан л биш бол дээр нь МАХН-ын гишүүн л биш бол халж, солин, бантан зуурч өнөөх өөрийн баг, тойрон хүрээлэгчдээ бүрдүүлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байх урт хугацаанд худалч хүнд бараг л МАХН-ын гишүүн биш бол хүний тооноос хасагдах дээрээ тулсан тогтолцоо бүрдчихээд байсан гэхэд хэтрүүлэг болохгүй байх.
Харин одоо бол Н.Энхбаяр хашир бурхи болсон учраас маш хянуур алсаас, холуур тойрч, удаан ч гэсэн хор нь нөлөөтэй үйлчлэхээр тооцно. Өөрийн болон гэр бүлийнхээ сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирсон хохирол хэмээн төлөвлөсөн арга замаа хэрэгжүүлэхийн тулд нийгэмд дахин эргэж ирлээ, дахин хөл дээрээ бослоо, одоо цаашид ухаантай удирдана гэсэн мессэж цацна. Мөн соёлтой ухаажсан хүний дүр эсгэж уучлал гуйж “Монгол Улсаа үсрэнгүй хөгжүүлэх төлөвлөгөө…” дэлгэн, ирэх сонгуулийн шоугаа давхар авч явахаа үл мартана. Түүнчлэн үй зайгүй үерхэж яваад өөрөөс нь урвасан МАН-ын дарга М.Энхболд, тун удахгүй нэг хөнжилд орохоо мэдэрч “Шуламтай ч нэг хөнжилд ороход бэлэн…” гэж хэлсэн шадар нөхөр асан Ц.Нямдорж болон түүнээс өчигдөрхөн урвасан гэхдээ түүний хүчээр маш амархан УИХ-ын гишүүн болсон О.Баасанхүү, урваж, шарваж, муудаж, сайдаж явдаг Г.Уянга, эртний анд, нөхөр Тэрбишдагва гээд, цаашилбал тавь, зуугаараа жагсах хүмүүсийн нэрсийн жагсаалтаа гарган ирж нэг, нэгээр нь тооцоогоо төлөвлөнө. Давхар байсан байж болох уул уурхайн лиценцүүд болон хураагдсан гэх үл хөдлөх хөрөнгө өөр мөнгө босгох ямар боломж байна бүгдийг судлана. Төдөлгүй МАХН-ынхаа сонгуулийн бэлтгэл ажилд орж сонгуульд зарцуулах төсөвөө босгохын тулд хандивлагч нартай уулзаж яриа тохироо ханцуйндаа хийж цаашид яаж урагшлах стратеги,тактикаа боловсруулна.
Түүнчлэн АН, МАН-уудын бараг гишүүд нэг бүрээс өшөө авахаар тооцож суудал нэг бүрчлэн салхи оруулж алхам, алхмаар урагш ахисаар УИХ-ын дарга З.Энхболдыг хөнгөхөөн хөмрөөд хаячихна. Учир нь, З.Энхболд жижиг биетэй янз бүрийн мэх бага мэддэг гэсэн. Харин ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой халз тулахаар бэлтгэлээ базаана. Мэдээж аль, аль нь зальтай, мэх сайтай учир нилээд удаан хугацаанд хүч тэнцүү үзэлцэнэ. Тиймээ энэ бол битүүний их цэвэрлэгээ биш өшөө авалт. Өшөө авалт хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй өшөө авалтаар бүгд дуусна. Элдэв хов, жив, өшөө авалт хэзээ ч бүү хий. Өшөө авалтаар улс орон, хувь хүн ч урагшилсан түүх байдаггүй юм. Тэгээд ч Монгол Улсыг минь сайхан ирээдүй хүлээж байна.
Үнэхээр сүүлийн 20 гаруй жил “Улс төр” бохирдсон, битүүний их цэвэрлэгээ хийгдэх нь ч зайлшгүй. Харин цаг хугацааны хувьд өнөөдөр л лав биш. Учир нь, хүмүүсийн ухамсар сэтгэхүй цаг хугацаанаас дэндүү их хоцорч явна. Хэн, хэрхэн, яаж цэвэрлэхийг мэдэхгүй…Чингис хаан шиг удирдагч дахин төрөөгүй байна. Тэгээд ч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар шиг ганц хоёр хүн хийдэг ажил биш. Магадгүй нийгмийн нэгэн үе өнгөрч байж цэвэрших байх гэж олон хүмүүс санал нэгтэй хэлдэг юм билээ.
Эх сурвалж: www.breakingnews.mn Д.Дугтуй
Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв