“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авахаар багагүй шуугиан дэгдээж байсан Абдул Карим шонхор наймаалдаг нэгэн байсан билээ. Тодруулбал, түүнийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах тусгай отогтоо 61 шонхор хадгалж байхад нь өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн юм.
Тухайн үед отог дээр байсан 61 идлэг шонхрын 31 нь хууль бус байсныг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байсан юм. Харин үлдсэн 30 идлэг шонхор нь Катарын Батлан хамгаалахын сайдад бэлэглэлийн журмаар зөвшөөрөл олгосон байсан бөгөөд тэд анх авсан 35 шонхрын зөвшөөрлийнхөө 5 шонхрыг хил давуулсан мэдүүлэг нь байдаг.
Уг нь шонхрыг Үндэсний бахархалт шувуу хэмээгээд Засгийн газрын шийдвэрээр соёл, судалгааны ажилд зориулж хоёр улсын гэрээгээр жилд цөөн тоогоор хил давуулдаг аж. Харин ашиг олох зорилгоор хилээр гаргах нь хориотой юм.
Тэгвэл хууль бус нь тогтоогдсон дээрх 31 шонхрын зөвшөөрлийг Абдул Каримд хэн өгсөн бэ гэдэг нь олны анхаарал татаж байна. Харин энэ талаар Абдул Каримаас тодруулахад “Би шонхор наймаалдаггүй. 2004 оноос хойш Монголд амьдарсан. Гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилладаг” хэмээн дээрх мэдээллийг эрс үгүйсгэж байлаа.
Гэсэн хэдий түүнийг Монголд амьдарсан цагаасаа хойш шонхор наймаалдаг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм. Гэтэл тэрбээр “Алфажер” гэх компанид менежерээр ажилладаг бөгөөд түүний компани хуулийн байгууллагад хэд хэдэн удаа шалгагдаж байсан гэх мэдээлэл байна.
Тухайлбал, 2009 онд ЗХЖШ-ын нэр дээр бүртгэлтэй жийп автомашинуудаар олон тооны шонхор, ятуу авч явж байжээ. Мөн “Алфажер” компани Катараас найман жийп автомашин авчирснаа ЗХЖШ-д тусламжаар өгч буй хэмээн гаалийн мэдүүлэг үйлдэн, татвар төлөлгүй оруулж ирэн улмаар уг автомашинаараа 15 идлэг шонхор, 12 ятуу барьж байгаад цагдаа нарт саатуулагдаж байсан удаатай гэнэ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Алфажер” гэх ХХК нь идлэг шонхрыг хил давуулах бүхий л зөвшөөрлийг авдаг байсан гэх. Мөн шонхор шувуунаас гадна цагаан зээр, ятуу зэргийг хууль бусаар хил давуулдаг байсан аж.
Харин дээрх хэрэг олонд ил болох үед “Алфажер” компани 2015 оны наймдугаар сарын 18-наас арваннэгдүгээрсарын 15-ныг хүртэл 35 идлэг шонхор барих зөвшөөрөл авсан байжээ. Уг зөвшөөрлийг Д.Оюунхорол гишүүн БОНХАЖ-ын сайд байх үед олгож байсан гэх мэдээлэл байна.
Тус компани гэрээний дагуу Өвөрхангай, Архангай, Увс, Хөвсгөл, Завхан, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Говьсүмбэр, Баянхонгор аймгуудаас 35 идлэг шонхор барьсан аж. Өөрөөр хэлбэл, Д.Оюунхорол сайдаас 35 шонхрын зөвшөөрөл авсан ч хууль зөрчин 31 шонхрыг илүү барьсан нь цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Эл хэргийг Цагдаагийн байгууллага өнгөрсөн оны аравдугаар сард шалгаж дуусаад захиргааны хариуцлага тооцуулах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг аж.
Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх И.Ариунсанаа хэргийг хянаад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, “Алфажер” компанид 920 мянган төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрчээ.
Хамгийн хачирхалтай нь дээрх хууль бус үйлдлийг тогтоосны маргааш буюу 2015 оны аравдугаарсарын 7-ны өдөр 20 шонхрыг Катар руу гаргасан байдаг аж.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна