Хувь тавилангийн шоу


Тэнэмэл, архичин Баадай “тасарч” унаад сэрэхдээ тансаг харшид сэрнэ. Хүн болгон түүнийг захирал, тэрбумтан Элбэг гэж дуудах нь гайхмаар. Гэхдээ тэр өөрөө ч юу болоод байгааг ойлгохгүй. Энэ бол зүүд биш, телевизийн реалити шоу байх нь тэр. Компаниа дампуурлаас аврах гэсэн захирал, үзэгчдийнхээ тоог нэмж, ашиг олох гэсэн телевизийнхний бусармаг санаа нэгэн залуугийн амьдралаар тоглоход хүргэжээ. Архичин Баадай тэрбумтан Элбэгийн амьдралд дасах гэж хэрэндээ л зүдэрнэ. Огт хийж байгаагүй үйлдлүүдээ хийж, алхам алхмаар өөрчлөгдсөөр. Байгаадаа дасан зохицож, тэр ч бүү хэл сурвалжлагч Амингоо гэх бүсгүйд сэтгэл алдарна. Өмнөх амьдралаа зүүд байсан гэж итгэнэ. Харин яг л энэ үед түүнд бүх үнэнийг хэлэн, буцаан гудамжинд гаргаж хаях нь тэр.

 

“Go” студийнхэн өнгөрсөн баасан гаригаас “Шуугиан таригч” киног үзэгчдэд хүргээд буй. Тус студийн найруулагч Д.Галбаярын найруулсан “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа” зэрэг инээдмийн уран бүтээл үзэгчдийн үзэх дуртай кино болсон. Алдарт жүжигчин Г.Дашхүү агсны хүү тэрбээр аавынхаа замналыг үргэлжлүүлэн кино урлагийн энэ л төрлөөр уран бүтээлээ туурвиж яваа. Д.Галбаяр 2004 онд СУИС-ийг төгссөнөөсөө хойш найруулагчаар дагнан ажилласан.

 

Тэрбээр 11 жилийн дараа эргэн мэргэжлээрээ ажилласан нь архичин Баадай, тэрбумтан Элбэгийн дүр байлаа. Кино зохиолоо өөрөө бичиж, найруулан, гол дүрд тоглох нь түүнд амаргүй байсан байх. Гэхдээ тэр чадварлагаар ард нь гарчихжээ. Бусад дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Дамдин, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, Э.Мөнхтөр нар тогложээ. Киноны ерөнхий продюсерээр түүний гэргий, жүжигчин Т.Хулан ажилласан байна.

 

Аливаа уран бүтээл үзэгчдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаах боломж олгож, сэдэл төрүүлдэг. “Шуугиан таригч” кино ч хүний амь, амьдралаар хэн нэгэн дур мэдэн тоглох эрхгүй, гудамжны архичны зүрхэнд ч бусдын төлөө цохилох сэтгэл бий гэдгийг харуулахыг зорьжээ. Баадайгийн хэрхэн хөглөхийг “Шуугиан таригч” киноноос үргэлжлүүлэн үзээрэй.