Хүүхэд зодсон тогооч бичлэг хийсэн багшийг заналхийлжээ


Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс 10 сартай хүүхдийг хооллож байхдаа зодож танхайран зүй бус үг хэлээр доормжлож байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 

Уг хэрэгтэй холбогдуулан Дундговь аймгийн Цагдаагийн газраас Ж.Отгонтөгст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд 3-5 жилийн хорих ял төлөвлөөд байгаа. Тэгвэл тэрбээр өчигдөр дээрх бичлэгийг хийсэн ангийн багш Янжинлхамын амь насанд заналхийлж, хүйтэн мэс барин гэрийнх нь гадаа очсон гэх мэдээлэл цацагдаад байна.

 

Ангийн багш Янжинлахм энэхүү мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд тэрээр “Бичлэгийг олон нийтэд дэлгэснээс хойш тэр тогоочийн ар гэрийнхэн  намайг байнга дарамтлах болсон. Түүний нөхөр нь архи уух бүртээ “Манай эхнэрийн мууг үзсэн. Чамайг ална” хэмээн манай гэрт ирж агсам тавьдаг. Үүнээс болоод нөхөр бид хоёр гэртээ очиж чадахгүй, гурван хүүхдээ дагуулаад айл айлаар хонож байгаа” талаараа хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрээр уг бичлэгийг гар утсаа асаан оцнхны тавцан дээр байрлуулан хийсэн бөгөөд тухайн үед ангидаа байгаагүй гал тогоонд байсан гэнэ. Энэхүү бичлэгээ цэцэрлэгийн эрхлэгчдээ үзүүлэхэд түүнийг ажлаас нь халжээ.

 

Тодруулбал, 10 сартай бяцхан хүүгийн зодуулж буй бичлэгийг багш Э.Янжинлхам одоогоос 2 сарын өмнө буюу аравдугаар сарын 17-ны өдөр хийсэн гэдэг. Хүүхэд зодож буй эмэгтэй тус цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс гэгч бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгч О-гийн төрсөн дүү нь аж. Тэрээр хүүхдүүдийг зоддог гэдгийг Э.Янжинлхам багш мэддэг байсан ч түүний дарамтаас болоод олон нийтэд дэлгэлгүй өнөөдрийг хүрчээ.