Абдул Каримын хууль бусаар барьсан шонхрыг хэрэг мөрдөгдөж байгаа юу


“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсан Абдул Каримын тухай мэдэлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шинэ сэдэв байлаа. Тэгвэл Абдул Карим нь 1958 онд Катар улсад төрж, 2002 оноос Монгол Улсын иргэншилтэй болсон агаад Баян-Өлгий аймгийн харьяаллын иргэний үнэмлэхтэй, Катарын хөрөнгө оруулалттай монгол дахь компанийн зөвлөхөөр ажилладаг нэгэн болохыг өдөр тутмын зарим хэвлэлүүд онцолжээ.

 

Энэ оны аравдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт манай улсын зарим иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар тэжээж байж болзошгүй гэх мэдээлэл ирүүлжээ. Мэдээллийн мөрөөр тус газраас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн агаад шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байна. Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн талаар НМХЕГ-аас тухайн үед мэдээлж байсан юм. 

 

Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх идлэг шонхруудыг тэжээж байсан Катар улсын иргэн нь Абдул Карим аж. Түүний тухайд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу  61-ийн гармын урд байрлах Катаруудын отгийн эзэн хэмээгддэг бөгөөд уг отгийг Катарын  Батлан хамгаалахын сайд өөрийн хөрөнгөөр бариулж, үе үе ирж амардаг талаар албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Абдул Каримын тэжээж байсан гэх 61 идлэг шонхрын 31 нь Катарын батлан хамгаалахын сайдад бэлэглэхээр зохих зөвшөөрөл өгсөн 35 шонхрын ихэнх нь байсан гэдгийг НМХЕГ-ын эх сурвалж мөн мэдээлж байгаа юм. Тэрээр уг шалгалтын өмнө зөвшөөрөл авсан 35 шонхроосоо 4-ыг нь хэдийнээ хилээр гаргасан гэсэн юм. Ямартай ч  дээрх мэдээллээс харахад Абдул Каримын нэр дээр өдгөө Эрүүгийн цагдаагийн газарт хууль бус 30 идлэг шонхортой холбоотой хэрэг мөрдөгдөж байгаа бололтой. 

 

Дашрамд дуулгахад, хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны хариуцлага ноогдуулдаг байна. 

 

Тодруулбал, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр шонхорыг160 мянган төгрөгөөр, дэгдээхэйг 112 мянган төгрөгөөр тус тус үнэлдэг байна. Мөн байгаль орчны хяналтын улсын байцаагч уг үнэлгээг хоёр дахин өсгөн нөхөн төлүүлэх акт тавьдаг аж.

 

39 дүгээр зүйлийн 39,1,1 дэх заалтаар хугацаа дууссан зөвшөөрлөөр шонхор ашигласан, ангийн буу, тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшрөөлгүйгээр барихыг завдсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тус тус төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.