Б.Янжиндулам: Солонгосын урдаа барьдаг жүжигчидтэй хамтран тоглоно

Admin
22 цаг 55 минутын өмнө

Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн оюутан  Б.Янжиндуламыг ярилцах буландаа урилаа. Учир нь тэрээр өдгөө Солонгост алдартай жүжигчин LeeSung Jae-тай хамтран ажиллаж байгаа нь цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа билээ. 

 

Гэхдээ түүний талаарх мэдээллүүд ихэд сонирхлыг миь татсан юм. Учир нь тэрээр багаасаа л урлаг, спорттой ойр өссөн нэгэн аж. Тиймдээ гуравдугаар ангиасаа эхлэн спортын гимнастикаар хичээллэж эхлэн 15 настайдаа буюу 2006 онд Дохад болсон Азийн наадамд энэ төрлөөрөө өрсөлдөж шагналт 14 дүгээр байр эзэлж, спортын гимнастикийн олон улсын хэмжээний мастерын болзол хангаж байжээ. Харин урлаг хөл тавьсан түүх нь 2009 онд “NTV” телевизээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” тэмцээнд анх удаа оролцон ялагч болсноор эхэлсэн гэнэ. Хуулийн ангид сурч байсан Янжка БНСУ-ын “Jump musical theatre”-ынханыг монголд сонгон шалгаруулалт явуулахад нь тэнцэж Солонгост тэрхүү театрт бүтэн жил гэрээт жүжигчнээр ажиллажээ.

Тэрээр эх орондоо ирснийхээ дараа гэр бүлийнхэнтэй ярилцан хуулийн мэргэжлээ солин СУИС-д жүжигчнээр шалгалт өгөн тэнцэн суралцах болжээ. Драмын жүжигчний нэгдүгээр курсээ төгсөөд багшийнхаа тавьсан саналын дагуу Солонгосын үндэсний урлагийн их сургуульд шалгалт өгч тэнцсэн нь өдгөө солонгосын алдартай жүжигчидтэй хамтран ажиллах их ажлын эхлэл нь болжээ.  Тэрээр ирэх хавар их сургуулиа төгсөнө. Гэхдээ Янжка хэдийнээ Солонгост уран бүтээлээ туурвиад эхэлсэн бөгөөд энэ удаад буюу арванхоёрдугаар сарын 2-нд анх удаа тайзны бүтээлд тоглохоор болж, ийнхүү тухайн бүтээлд хамтран тоглож байгаа солонгосын од LeeSung Jae-тай авахуулсан гэрэл зургаа фейсбүүк хуудаснаа тавьсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

 

   -Юуны түрүүнд солонгосын театрт  тайзны бүтээлд алдартай жүжигчидтэй нь хамтран тоглох болсонд тань баяр хүргэе. Энэ бүхний гарааг тавьсан Солонгосын үндэсний урлагийн их сургуульд  тэнцэн суралцах болсон цагаа эргэн дурсахгүй юу?

 

-Азийн хэмжээний нэртэй том сургуульд тэнцэж орсондоо би туйлын их баяртай байдаг. Миний амьдралдаа хийсэн зөв алхмуудын нэг яах аргагүй мөн. Анх шалгалт өгч байхдаа яг үнэндээ өөрийгөө ийм мундаг сургуульд тэнцэхгүй байхдаа гэж бодож байсан ч өөрийнхөө чаддаг бүх зүйлийг харуулна гээд хамаг чадлаараа бэлдэж, шалгалтаа өгч байсан л даа. Гэхдээ их найдлага тавиагүй. 35 мянган хүн шалгалт өгөөд 20 гаруй хүн л тэнцэх боломжтой байсан учраас эмээж байсан. Нэг өдөр тэнцсэн гэсэн хариу ирээд ямар их баярлаж хөөрч байсан минь одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Мэргэжлийнхээ чиглэлээр би ганцаараа гадаад оюутан нь болсон болохоор хэцүү бэрхшээлтэй зүйл их тохиолдоно. Гэхдээ юу ч болсон бүгдийг нь даваад л гарна гэж бодсоор өнөөдрийг хүргэсэн дээ. Магадгүй тамирчин байсан минь энэ бүхэнд их нөлөө үзүүлсэн болов уу гэж боддог. Яг энэ мөчид би СУИС-ийн анги удирдсан багш  Соёлын тэргүүний ажилтан Хишигзаяа багшдаа чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна.

 

-Та сая тамирчин байсан гэсэн шүү дээ. Ямар спортоор хичээллэдэг байсан бэ?

 

-Би 10-18 нас хүртлээ спортын гимнастикаар хичээллэж байсан. Мөн Спортын гимнастикийн шигшээ багийн тамирчин байсан. Миний бага нас ер нь бол спортын гимнастикийн зааланд өнгөрсөн гэж хэлж болно. Мэргэжлийн спорт хүнээс маш их хөдөлмөр тэвчээр ухаан золиос гаргадаг гэдгийг 8-н жилийн турш өөрийн биеэр мэдэрч ойлгосон. Хамгийн сүүлд “Doha 2006 Asian Game”-д шилдэг 14-н тамирчны нэг болж ОУХМ цол аваад тамирчны амьдралдаа цэг тавьсан даа. Энэ гайхалтай спортоор хичээллэсэн минь өнөөдрийн Янжиндулам гэдэг хүнийг бий болоход маш бодит том нөлөө үзүүлсэн гэж би боддог. Гэр бүлийн хүмүүжлээс гадна спорт хүнийг зөв зүйл рүү чиглүүлж хүмүүжүүлж төлөвшүүлдэг гэж боддог. Спорт надад найман жилийн хугацаанд зөвхөн техник дасгал хөдөлгөөн заахаас гадна Ч.Энхтүвшин багш маань бидэнд “Хүн” байхын ухааныг хүнийг биш өөрийгөө ялан дийлэх ухааныг заадаг байсан нь өнөөдөр миний амьдралд маш том сургамж болж чаддаг.

 

-Солонгост ямар ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ. Мөн алдарт жүжигчин LeeSung Jae-тэй нэг уран бүтээлд орж байгаа гэсэн мэдээлэл их гарсан байсан энэ талаараа яриач ?

 

-Би 2-р курсийн оюутан байхаасаа эхлээд сургуулиасаа гадуур уран бүтээлүүд дээр ажиллаж эхэлсэн. Солонгосын номер нэг performance “Jump” театрт  2 жил гаран жүжигчнээр ажилласан мөн хажуугаар нь жижиг , том хэмжээний кинонд тоглодог байсан.

 

Яг одоо ажиллаж байгаа уран бүтээл маань Arthur Miller “The Crucible” гээд дэлхийн хэмжээний том жүжиг дээр ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 2-ноос Солонгосын “MyoungDong” театрын тайзнаа тоглоно. Энэ жүжигт Солонгос улсын урдаа барьдаг мундаг жүжигчидтэй хамтарч ажиллах болсон минь миний хувьд маш том аз завшаан нөгөө талаараа ганцаараа гадаад бас Монгол хүн гэдэг утгаараа их том хариуцлага хүлээж байгаа. Өдөр шөнөгүй жүжгийн бэлтгэл хийн хамт байгаа болохоор энэ хүмүүсээс их зүйл сурах боломж гарч байгаад их баяртай  байгаа шүү (инээв) Сүүлийн үед өөр кино жүжгийн санал багагүй ирж байгаа нь надад их сайхан байгаа боловч юу юуны түрүүнд сургуулиа амжилттай төгсөх нь миний хамгийн ойрын том зорилго учраас үүндээ л хамаг анхаарлаа хандуулна даа.

 

-Тэгвэл энэхүү том бүтээл дээр тоглохын тулд хичээлээ түр чөлөө авч байгаа байх нь ээ?

 

-Үгүй ээ. Учир нь би сургуулиа амжилттай төгсөхийг нэгт тавьж байгаа. Тэр ч утгаараа сурлагынхаа чанарт маш их анхаардаг. Энэ удаад тайзны том бүтээлд тоглох санал тавихад ч гэсэн хичээлээ завсардахгүй, чөлөө авахгүй байх талаар найруулагчидтайгаа ярилцсан. Манай сургуулийн багш нар надад “чи энэ том тайзны бүтээлд орохын тулд хичээлээ чөлөө аваад ч болтугай оролцох ёстой шүү” гэж хэлж байсан. Гэхдээ найруулагчтайгаа ярилцаад хичээлийнхээ дундуур бэлтгэлээ хийгээд завгүй байлаа. Одоо тайзнаа бүтээл тавигдах 14 хоногт л хичээлээсээ чөлөө авч байгаа.

 

-Би өөрийн чинь фейсбүүкээс сурлагын дүнгээ жагсаасан байсныг харсан. Дандаа л “А” үнэлгээтэй байсан. Одоо ч хэвээрээ биз дээ?

 

-Эх орныхоо нэрийг гарган сурч байгаа болохоор бусдаас дутуугүй байхыг хичээдэг.  Сурлагадаа маш их анхаардаг. Надад ээжийн дайчин чанар байдаг болохоор дандаа “А” авахын төлөө зүтгэдэг.  Хэдийгээр манай ангид надаас бусад нь бүгд Солонгос оюутнууд ч тэднээс юугаараа ч дутаад байхыг хүсдэггүй. Одоогоор сургуульдаа сурлагаараа гуравт жагсаж байгаа. Ирэх жил сургуулиа төгсөнө.

 

-Төгсөөд эх орондоо ирж уран бүтээлд орох бодол байгаа юу?

 

-Мэдээж байлгүй яахав би чинь их үндсэрхэг үзэлтэй хүн шүү дээ (инээв) Өөрийгөө бүх талаараа сайн боловсруулж бэлдчихээд Монголдоо очиж сайн уран бүтээлд орохыг маш их хүсэж байна.

 

-Жүжигчин хүний хувьд ямар дүр бүтээхийг хүсэж мөрөөддөг вэ?

 

-Сайхан асуулт байна. Шууд хэлэхэд би сайн зохиолтой адал явдалт кинонд дүр бүтээх чин хүсэл зорилготой. Энэ сургуульд анх орж ирсэн цагаасаа л илүү цагаар бэлтгэл хийж өөрийгөө олон талаар бэлдэж ирсэн. Жишээ нь балет, таеквондо, акробат, бүх төрлийн бүжиг, жад сэлэм зодооны урлаг гэх мэт...

 

-Хувийн чанартай асуулт асуух гэж байна л даа та найз залуутай юу?

-Надад ер нь найз залуутай болох боломж нөхцөл ерөөсөө гардаггүй юм их сонин /инээв/ Сургууль, бэлтгэл, жүжиг, кино гээд бараг хоол идэх завгүй амьсгаа дээгүүр явдаг болохоор эр хүн бодох цаг гардаггүй. Гэхдээ эмэгтэй л хүн болсон хойно хааяа өөрийгөө гоё бэлдээд болзоонд явахыг хүсэх үе байлгүй л яах вэ.

 

-Эмэгтэй хүн бүр хөөрхөн. Учир нь тэд бүгд хүнтэй суудаг гэдэг шүү дээ. Та ирээдүйд өөрийгөө ямар гэрийн эзэгтэйгээр төсөөлдөг вэ?

 

-Яг энэ үед миний ээжийн хэлдэг үг санаанд орж ирлээ л дээ. “Эмэгтэй хүн ямар ч мундаг боловсрол, мэдлэг чадвартай байж болно гэвч хамгийн гол нь хүний сайн хань гэрийн мундаг эзэгтэй л байх хэрэгтэй” гэж үргэлж хэлж сургаж ирсэн. Үүний дагуу бүх зүйлд хариуцлагатай супер эзэгтэй байна л гэж боддог доо. Миний харж мэдэрч байгаагаар дийлэнх хүмүүс маань дуучин, жүжигчин, бүжигчин гээд ер нь л урлагийн эмэгтэйчүүдийг их хөнгөмсөг гэр бүлдээ цаг зав бага гаргадаг сайн гэрийн эзэгтэй байж чаддаггүй гэх мэт арай өнгөц ойлголттой байгаад байдаг юм болов уу гэж бодогддог л доо. Гэвч яг бодит амьдрал дээр урлагийн эмэгтэйчүүд гэр бүл, нөхөр, хүүхэд, ажил алба, өөрийн карьер гээд маш олон ажлыг зэрэг амжуулж чаддаг, бүтээлч, хариуцлагатай, хүчтэй бас ямарваа нэгэн зүйлд их уян хатан байдлаар хандаж чаддаг мундаг эмэгтэйчүүд байдаг юм шиг санагддаг. Бодит жишээн дээр ч олон тийм эмэгтэйчүүд бий шүү дээ.

 

-Ер нь сүүлийн жилүүдэд их олон залуус маань гадаадад суралцах боллоо таны хувьд үүний давуу тал нь юу вэ?

 

-Дэлхийн өнцөг булан бүрд өөр өөрийнхөө мэргэжлээр монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа олон залуус байдаг. Хувьдаа тэднээр маш их бахархаж явдаг. Олон хүн гадаадад л сурвал гоё бүх юм цаанаасаа сайхан болчих юм шиг санадаг. Гэвч ихэвчлэн эсрэгээрээ байх тохиолдол бий. Хаана ч сурсан хувь хүнээс л шалтгаалдаг болов уу. Гэхдээ мэдээж гадаадад суралцахад олон давуу тал бий л дээ. Миний хувьд ганц мэргэжил эзэмшихээс гадна амьдралын олон ухааныг суралцдаг юм шиг санагддаг. Монголдоо байхад бүх зүйл бэлэн эцэг эхээсээ хараат байдаг бол энд бүх зүйл эсрэгээрээ байдаг. Жишээ  нь байнга эцэг эхээсээ мөнгө авахаасаа илүү өөрийнхөө чадлаар ажиллаад цалинтай байнгын орлоготой байхыг илүүд үздэг. 2-р курсээсээ эхлээд хичээлийнхээ хажуугаар театрт жүжигчнээр ажиллаж мөн кинонд тоглож авсан цалингаараа байр, хоол, өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээг хангаж ирсэн дээ. Одоо ч мөн адил тэгж л сурч, ажиллаж байна.

 

-Таван жилийн дараах Янжиндулам ямар байх бол?

 

-Би ер нь зорилго, хүсэл мөрөөдлөө нээх яриад байдаггүй л дээ. Учир нь бусдад үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэхийг илүүд үздэг. Гэхдээ таван жилийн дараах Янжка Солонгос Монголын урлаг соёлыг холбосон гүүр мөн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин болчихсон гялалзаад зогсож байна байх даа. /инээв/

Миний нэг дуртай үг байдаг юм. “Орчиндоо бус зорилго доо уус”. Яг энэ үгс шиг улам бүр гялалзаад байгаарай залуус минь!