Монгол Улсын иргэн Абдул Карим гэж хэн бэ

Admin
Өчигдөр 16 цаг 04 минут

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Дуудлага худалдаа өнөөдөр Хангарьд ордонд зохион байгуулагдлаа. Барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд 9 санал ирсэн байна.

 

Ингээд дуудлага худалдаагаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авлаа. 

 

Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд трейд, Bluemon ХХК болон бусад иргэн оролцлоо.

 

Хэвлэх үйлдвэрийн барилгыг "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг олон нийттэй хамтран худалдаж авах санаачилга гаргаад байсан ч  тэрбээр оролцож чадаагүй юм. Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа "Энэ удаагийн газар хувьчлалын тендерт бид оролцох боломжгүй боллоо. Иймд тохирсон ёсоор та бүхний халуун сэтгэл, хязгааргүй их итгэл шингэсэн мөнгийг эргүүлэн шилжүүлж өгөх ажлыг эхлүүлж байгааг дуулгая" хэмээн бичжээ.  Өөрөөр хэлбэл тэрээр дуудлага худалдаанд оролцохоор мөнгөө шилжүүлсэн иргэдийн мөнгийг буцааж тараахаар болжээ.

Ч.Ганхуяг энэхүү хэвлэх үйлдвэрийн газарт  “Wolf” цогцолборыг барихаар зураг төслөө хүртэл дэлгэн танилцуулж, нэг сая төгрөгтэй 1000 залуу хамтарвал энэхүү барилгыг хувьчилж авна хэмээн бичиж байсан юм.

 

Абдул Карим гэж хэн бэ?

 

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан Абдул Карим гэж хэн бэ. Тэрээр нийслэлээс холгүйхэн Сонгинохайрхан дүүргийн 61-ын гармын урд байрлах Катаруудын отогийн эзэн гэгддэг. Хамгийн сүүлд буюу аравдугаар сарын 5-нд түүний эзэмшдэг гэх уг Катаруудын отогт олон тооны идлэг шонхрыг хууль бусаар барьж, хорьж байна гэх иргэдийн мэдээллийн дагуу НМХГ-ынхан шалгалт хийсэн байдаг. Уг шалгалтаар тухайн отогт 61 идлэг шонхор байгаа нь тогтоогдож үүний 35-ыг нь Катарын Батлан хамгаалахын сайдад бэлэглэлийн журмаар зөвшөөрөл олгосон хэмээн НМХГ-ын байцаагч мэдэгдэж байсан. НМХГ-ын байцаагчийн хэлснээр “Үлдсэн идлэг шонхруудын тухайд холбогдох байгууллагууд нь тодруулахаар мэдэгдсэн байгаа. Хэрвээ хууль бусаар баригдсан нь тогтоогдвол холбогдох хүмүүст нь хуулийн дагуу арга хэмжээ авч, тэдгээр идлэг шонхруудыг байгальд нь буцаан тавина” хэмээн ярьж байсан юм.

 

Тухайн үед уг отог дээр Абдул Карим өөрийн биеэр байсан бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд “Над руу утсаар ярьж тусламж хүссэн. Би эзэн нь биш. Жинхэнэ эзэн нь ирж байгаа” хэмээн ярьсан ч НМХГ-ын байцаагч түүнийг уг объектын эзэн гэдгийг батлан хэлсэн бөгөөд тэдгээр шонхруудыг барих зөвшөөрөл ч түүний нэр дээр байгааг нотолсон байдаг. Тэрээр монголоор чамгүй сайн ярьж байсан албаныханы хэлснээр энэ газрын албан ёсны эзэн нь гэнэ. Арав гаруй жилийн өмнө манай улсад ирж, монгол бүсгүйтэй гэр бүл болсноор ийн манай улсын иргэншилтэй болсон нэгэн аж. Сонирхуулахад, уг Катарын отгыг Катарын Батлан хамгаалахын сайд өөрийн хөрөнгөөр бариулсан гэх бөгөөд тэрээр үе үе энэхүү отогтоо ирж буудалдаг талаар зарим эх сурвалж ярьж байсан юм.

 

БОНХАЖЯ-ны мэргэжилтэн  А.Баясгалан энэхүү асуудлын хүрээнд “Катар Улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгчдийн отог дээр олгосон зөвшөөрлөөс илүү хэмжээний шонхор барьсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага тэнд ажиллаж байгаа. Одоогоор бидэнд байгаа мэдээллээр 35 толгой идлэг шонхрын зөвшөөрөлтэй ч 61 идлэг шонхрыг барьчихсан байгаа юм билээ. Ер нь шонхрыг ашиг олох зорилгоор гадаадад худалдаалахыг 2013 оны 15 дугаар тогтоолоор 5 жилийн хугацаатай хориглосон.

 

Гэхдээ Засгийн газар хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтын хүрээнд Арабын хаан, хунтайж нарт хоёр улсын хоорондын дипломат харилцааны хүрээнд шонхор бэлэглэх тохиолдол байгаа. Катарын Батлан хамгаалахын сайдад олгосон 35 идлэг шонхрын зөвшөөрлийг Абдул Карим гэгч хүн ахалж байгаа бөгөөд тэрээр өөрөөсөө гадна 20 хүний нэрсийн жагсаалтыг хавсаргасан байгаа” хэмээн ярьж бичиг баримтыг дэлгэн үзүүлж байсан юм.

 

Соёлын буюу тусгай зориулалтаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хүртэлх хувиар төлбөр төлдөг байгаа. Энэ хуулийнхаа дагуу бид төлбөрөө аваад явж байгаа. Нэг идлэг шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 16 сая төгрөг байдаг. Түүний 40 хувь гэхээр 6 сая 400 мянган төгрөг болно. Энэ төлбөр хураамж нь тухайн шонхрыг барьсан сумын орон нутгийн төсөвт төлөгдөөд явж байгаа тухай ч салбарын хүн нь хэлсэн байдаг.

 

Гэвч өөр эх сурвалж гадаад зах зээл дээр нэг идлэг шонхрын үнэ 20 мянган ам.доллар хүрдэг талаар хэлж байсан юм.

 

Ямартаа ч Абдул Каримтай холбогдох хууль бусаар барьсан гэх идлэг шонхрын хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байхад тэрээр хотын төвийн “А” зэрэглэлд 24 тэрбум төгрөг хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авлаа.