Хүн амины хэргийн сэжигтэнг баривчилжээ

Admin
Өчигдөр 11 цаг 20 минут

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө 02:00 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавынх нь хамт гэрт нь хутгалж, амь насыг нь бүрэлгэн ээж, ах хоёрыг нь хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн Пүрэв овогтой Батбаярыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн юм.

Сэжигтнийг 11 дүгээр сарын 29-нд буюу өчигдөр 12:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармаг орчмоос баривчлан саатуулжээ.

 

Тодруулбал, тус дүүргийн IV хорооны нутаг дахь Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Тэрбээр баригдах үедээ цагдаа, тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон аж. Эх сурвалжийн мээдээлснээр сэжигтэн этгээд хэргээ хүлээсэн гэнэ. Улмаар гэмт хэрэгтэй холбогдуулан сэжигтнээс мэдүүлэг авч эхлээд байна.

 

Тухайн хэрэг гарах үед шархадсан хоёр хүнийг яаралтай мэс засалд оруулсан ч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна. Ах Б нь одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Тэрбээр Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байжээ.

 

Хүний амь бүрэлгэх болсон шалтгааныг хохирогч нь хэрэгтнийг өөрийн дүүтэй суулгахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.