Сонгууль гэдэг үнэхээр илбэ шидийн гэмээр эд шүү. Ийн хэлэхийн учир нь, УИХ-д дөрвөн жилийн турш таг дуугүй суусан гишүүд сонгууль дөхөхөөр л хэлд орж, бүхнээс идэвхтэй болчихдог. Мэдээж нам, холбоодын далбаан дор дэрвэдэг нийгмийн идэвхтэн залуус ч ажилдаа "галзуурсан" мэт шамдаж эхэлдэг.
Тэгвэл урлагаасаа чөлөө авч, улстөрийн ажилд шамдаад, бараг л усанд хаясан чулуу шиг сураггүй болсон дуучин О.Анхбаяр ч мөн саяхнаас "дуу гарч" эхэллээ. Тэрбээр олон нийтийг уриалан дуудаж, түмэнд танигдах хамгийн том хэрэглүүр болсон цахим ертөнцөд тун идэвхтэй байх болж, улстөрчид, Засгийн газрын талаар дориухан дуугарчихдаг болсон байна билээ.
Тэгэхээр өдгөө МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа түүнийг ийнхүү идэвхжсэн нь хоног хоногоор ойртож буй сонгуультай холбоотой байж магадгүй гэж зарим хүмүүс битүүхэн хардаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өөрөө улстөрд идэвхтэй зүтгэхийн зэрэгцээ гэргий, дуучин Б.Халиуныгаа МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элсүүлээд амжсан Анхааг ирэх сонгуульд нэр дэвшихээр шийдэв үү гэж шивэр авир гэлцээд эхэлжээ.